Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд болж өнгөрсөн зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд болж өнгөрсөн зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийж, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхасан юм. Энэхүү үйл явдлын длгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-27-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж үг хэлнэ. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр болох “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэх юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүх нийтийг тогтвортой хөгжилд татан оролцуулах нь” сэдэвт Дээд хэмжээний арга хэмжээ, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний чуулга уулзалт”, “Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх” Дээд хэмжээний тусгай арга хэмжээ болон “Эмэгтэйчүүдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт”-д тус тус оролцохоор төлөвлөж байна.


2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.

Энэ оны төсвийг 2014 онд баталж, 2015 оны нэгдүгээр сард тодотгосон. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байна гэж Сангийн сайд хэлэв. үйл явдлын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

Энэ сарын 22-нд орсон хүчтэй мөндөрийн улмаас Төв аймгийн Угтаалцайдам сумын тариалангийн талбай их хэмжээгээр сүйдсэн. Энэ талаар газар дээр нь ажиллаад ирсэн Угтаалцайдам сумын Засаг даргын орлогчтой холбогдож мэдээлэл авлаа. Түүний ярьснаар сумын тариалангийн талбайн нэлээд сүйдсэн бөгөөд нэг тариалангийн талбайн 80 орчим хувь нь сүйдсэн, хохирлын хэмжээ маш их байгаа аж. Түүнчлэн тариалангийн талбай сүйдсэнээс болж, өвөлжилт нэлээд хүндэрч болзошгүй хэмээн ярьж байв. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр жүдо бөхөөр 20 жил хичээллэж, их спортдоо зүтгэсэн юм. Энэ хугацаанд олимп, дэлхийн медальтан болж бөмбөрцгийн бөх болохоо харуулсан билээ.
Түүний спортын замнал цаашид багш дасгалжуулагчийн ажлаар үргэлжилнэ. Гавьяат тамирчны хувьд өөрийн жиндээ эргэн ирж, дахин дэлхийн аварга болохыг зорьсон ч чадаагүй юм.
Тэрбээр авч чадаагүй бүхнээ авахын төлөө шавь нараа бэлтгэж, ирэх олимпд тамирчдаа дасгалжуулах ажилд хүчин зүтгэнэ гэжээ.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах зорилгоор АНУ-ын ЭКСИМ банкнаас Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах 9,7 сая ам.долларын зээлийн 85 хувьд баталгаа гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн хангалт үйлчилгээний газраас гаргасан тооцоогоор өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байдаг. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм.Энэ өдрүүдэд Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 81 жил, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 48 жил, Үндэсний олон нийтийн MNB цахим хуудсын 2 жилийн ой тохиож байна. Үндэсний олон нийтийн MNB.mn цахим хуудас энэ хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Бид энэ хугацаанд цаг үеийн, үнэн бодит, шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэж, эх орныхоо дөрвөн зүг найман зовхистод хүрч ажилласан байна.Түүнчлэн МҮОНРТ-ийн 1, 2 дугаар сувгийн уран бүтээлчдийн бэлтгэсэн цаг үеийн мэдээ мэдээлэл, хөтөлбөрүүд болоод олны нөр их хөдөлмөрөөр бүтсэн уран сайхны нэвтрүүлгүүдийг шууд болон архивлан хүргэж олон нийтийн хүртээл болгожээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Ирж буй өдрүүдэд цаг агаар ямар байх талаар товч мэдээллийг хүргье. Есдүгээр сарын 26, 29-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Хуваалцах