Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаан байна. Аравдугаар сарын 5-нд Баян-Өлгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Ерөнхий сайд Гацууртын ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргасан бөгөөд энэ талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд БСШУ-ы сайд Л.Гантөмөр танилцуулга хийлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

УИХ-ын намрын чуулганы баасан гарагийн хуралдаанаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа.

Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоолоо. Тус хууль аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Мэдээллийн дэлгэрэнгүйгЭНДЭЭС унших боломжтой.

Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өчигдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон иргэд хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өнгөрөгч баасан гарагт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үеэр нутгийн 1600 гаруй иргэний гарын үсэг бүхий Халх голын чөлөөт бүстэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг надад өгсөн. Энэ өргөдлийн нэг хувийг албан ёсоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгөх нь зүйтэй хэмээн үзэж, нутгийн иргэдийн төлөөллийн хамт ирлээ” хэмээн танилцуулсан. 12.000 га талбай бүхий Шанхайн чөлөөт бүс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигддэг.
Гэтэл Монгол Улс 500 мянган га талбайг чөлөөт бүс болгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу тус бүс нутагт гаднын ажиллах хүчний квот тогтоодоггүй зохицуулалт нь олон эрсдэл дагуулж байна. Тиймээс Халх голын чөлөөт бүс гэдэг нэрийг өөрчилж, олон улсын жишгийн дагуу “Хөдөө аж ахуйн эрүүл бүс” болгох хүсэлт гаргаж байгаа талаар Халхгол сумын иргэн Л.Мягмарсүрэн, Ж.Гансүх, Ц.Энхжаргал нар Байнгын хорооны даргад танилцуулаад өргөдлийг холбогдох баримт, бичгийн хамт хүлээлгэн өгөв. Түүнчлэн уг өргөдөлд 1600 иргэн гарын үсэг зурсан ч нутгийн бүх иргэд дэмжиж байгааг дуулгав. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсын хууль, тогтоолын хүрээнд уг асуудлыг судалж, холбогдох газруудаас мэдээлэл авч, Байнгын хороогоор хэлэлцэнэ гэлээ.

ХХААЯ-аас хивэгний экспортыг аравдугаар сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭСуншина уу.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 150 ортой “Амгалан” амаржих газар энэ долоо хоногт ашиглалтад орлоо. Ингэснээр Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгааг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ онцолсон. Тус амаржих нь 220 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд нийт 400 ортой юм байна.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам шинэчлэгдэн батлагдлаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаан байна. Аравдугаар сарын 5-нд Баян-Өлгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


















