Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Аравдугаар сарын 11-15-ныг хүртэл хур тунадас орохгүй. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13, 14-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Энэ сарын 3-ны бямба гарагийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсголоо. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншаарай.

Түүнчлэн Засгийн газрын өнгөрөгч даваа гарагийн хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар гишүүдэд мэдээлэл хийсэн. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нарыг оролцуулж энэ чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг ч үр дүн муутай байгааг Ерөнхий сайд энэ үеэр онцолж байв.
Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар тогтоол бүхий Газар хөдлөлтийн гамшгийн эсрэг нэгдсэн төлөвлөгөө байдаг ч нууцын зэрэглэлтэй юм байна. Энэ хугацаанд гарсан өөрчлөлтүүдийг тогтоолд тусгаж өөрчлөх, зарим заалтыг ил тод, ялангуяа албан тушаал эрхэлсэн хүмүүсийн ажил үүргийг тодорхой болгох шаардлагатайг Ерөнхий сайд мөн хэллээ.
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх манай улсын систем сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй ч энэ сарын 3-нд болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод ойрхон буюу Гүнжийн хагарлын бүсэд тохиосон нь урьдчилан мэдээлэх боломжгүй байсан тухай Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал тайлбарлалаа.

Энэ долоо хоногийн лхагва гарагт нийтийн тээврийн хувийн хэвшлийн компаниуд ажил хаясан. Тэд баасан гарагт үйлчилгээндээ явж эхэлсэн юм. Ирэх 7 хоногт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар тэдний тавьсан шаардлага болон үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар хэлэлцэнэ. Тиймээс хувийн хэвшлийнхэн алдагдлаа хүлээгээд түр хугацаанд ажлаа үргэлжлүүлэхээр болсон тухайгаа мэдээлсэн билээ. Харин хотын удирдлагууд хувийн хэвшлийнхний ажлыг шалгаж, нөхцөл байдлыг үнэн бодитоор тогтоох шалгалтыг хийх ажлын хэсгийг байгуулснаа дуулгаад автобус компаниудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй “түр зогсолт” нэрийн дор ажил хаяж иргэдийг хохироосон учраас алдагдлаа хүлээж, хариуцлагаа үүрэх ёстой гэж мэдэгдлээ.

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2016 оны Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Баруунтүрүү орчимд Арабууд шонхор шувуу ихээр барьж байна гэсэн иргэдийн дуудлага Нийслэлийн МХЕГ-т ирсэн байна. Энэ дагуу шалгалт хийж 61 идлэг шонхор шувууг илрүүллээ. Эдгээр идлэг шонхор шувууг хууль бусаар барьсан нь тогтоогдвол Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн дагуу ихээхэн хэмжээний төлбөр ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Тодруулбал, 2012 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нэг идлэг шонхор шувуу авлах зөвшөөрлийг 12800 ам.доллар байхаар тогтоосон байдаг.

“Смишинг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан сэрэмжлүүлгийн Цагдаагийн байгууллагаас өгч байна. Смишинг гэмт хэрэг нь таны ухаалаг гар утас, таблет, компьютер руу чиглэх хортой вэб холбоос буюу линкээр дамжин нэвтэрч таны мэдээллийг хулгайлах төрлийн гэмт хэрэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.

Нийслэлд энэ амралтын өдрүүдэд авто зам хаана. Аль замыг хэзээ хаах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

Цаг агаарын мэдээ хүргэе. Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Аравдугаар сарын 11-15-ныг хүртэл хур тунадас орохгүй. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13, 14-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















