Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөө, маргаашдаа говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.

“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” боллоо. Уншигч, үзэгч, сонсогч та бүхэн чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.

Энэ долоо хоногт “Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцлоо. Тэрбээр элэгний С вирусын “ХАРВОНИ” эмийг 11 дүгээр сарын дундуур оруулж ирэхээр болсон тухай мэдээлэл өгч байлаа. Хөдөө орон нутагт шинжилгээ хийх боломжгүй тул орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж батламжлагдсан лабораторид шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээний төлбөр тухайн эмнэлгээс хамаарч 90 мянгаас 180 төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ. Ингэснээр зарим замыг дугаарын хязгаарлалаас хасч байгаа юм. Жолооч та бүхэн ЭНДЭЭС бүсчлэлийн талаарх дэлгэрэнгүй зургийг харах боломжтой.

Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч, ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулсан таатай мэдээ байна. Б.Алтантивийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа түүнээс тусламж хүссэн байна. Тэрбээр энэ сарын 4-ний өдрийн 18.40 цагийн үед харуулын цэгт дэд ахлагч Э.Ирээдүйтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан аж. Гэтэл нэгэн цагдаа ирж тусламж гуйжээ. Б.Алтантив, Э.Ирээдүй нар шалгаж үзэхэд дотоодын дүрвэгч иргэдийн хорих байрт үймээн самуун дэгдэж, саатуулагдаж буй залуус НҮБ-ын цагдаа нарыг зодож байжээ. Тэд гартаа урт төмөр барьж, НҮБ-ын цагдаа эмэгтэйг толгой руу нь цохин гэмтээж, улмаар амь насанд нь заналхийлэн хөөж байсан байна. Үүнийг анзаарсан Монгол энхийг сахиулагч хоёр хоригдол руу буу тулган, зөрчил гаргасан залуусыг баривчлан саатуулжээ.

Нийслэлд томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхлээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр хотын төвд үнэртэх болсон. Үүнийг 51 жил болж байгаа цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон, лаг боловсруулах орчин үеийн технологи байхгүйтэй холбон тайлбарладаг. Төв цэвэрлэх байгууламж хоногт 200 мянга орчим бохир ус хүлээн авч, 800 шоо метр лагийг задгай талбайдаа асгадаг байна. Лаг усгүйжүүлэх 44 карт байдгаас одоогоор 40 нь дүүрчихээд байгаа аж. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц бол шинэ цэвэрлэх байгууламж барих гэнэ. УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Б.Батсүх “Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г францууд боловсруулж эхэлсэн. Тэд өнөөгийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг бараг 2 дахин нэмэгдүүлж, лагаас эрчим хүч гарган авах боломжтой үйлдвэртэй нь цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Гэхдээ шинэ цэвэрлэх байгууламжтай болохоос өмнө тодорхой болгох асуудал олон бий” гэсэн юм. “Артелиа вил энд Транспорт” компанийн төслийн удирдагч Магниус Холмер “Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад Төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохир усны бохирдолтын хэмжээ 40 хувиар өссөн байна. Хэрвээ энэ хэвээр бохирдлын хэмжээ буурахгүй, ахуйн болон үйлдвэрлэлийн бохир ус нэг газар очоод байвал шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч цэвэрлэгээний үр дүн гарахгүй. Тиймээс цэвэрлэх байгууламжаа шинээр байгуулахаас гадна ус бохирдуулсны хуулийн хэрэгжилтийг хангуулах нь чухал” гэж яриалаа.

Та бүхэн ямар тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болохгүйг мэдэх үү. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил эхлээд байна. Цэрэг татлага аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
• Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
• Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
• Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
• Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
• Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
• Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Цэрэг татлагад 1989-1997 оны хооронд төрсөн 18-26 насны залуус хамрагдах үүрэгтэй.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөө, маргаашдаа говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


















