Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөө, маргаашдаа баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг баасан гарагт УИХ-ын даргад өргөн барилаа. Дэлгэрэнгүй мэдээллийгуншина уу.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагт манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Айлчлал хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т түшиглэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж болно. Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд Тавантолгой, Зүүн чиглэлийн төмөр зам зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон. Түүнчлэн талууд бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биенээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд хуурай газраас булаг ундарч, 2 км гаруй урсаж, хүн малыг ундаалж байгаа таатай мэдээ байна. Энэ булаг анх наймдугаар сарын 15-нд ундарч эхэлсэн бол нэг сарын хугацаанд 1 км гаруй урсаж, энэ долоо хоногийн байдлаар 2 км гаруй урсаад байгаа юм. БОНХАЖЯ-ны шинжээчдийн дүгнэлтээр цагт 20 тн ус ундарч байгаа нь тогтоогджээ. Нутгийн иргэд булагаа ойролцоох уул, усных нь нэрийг түшиглэн Шивээтийн шар модны булаг гэж нэрлэсэн байна. Түүнчлэн 30 метрийн зайд дахин ус ундарч эхэлжээ. Ундарга нь нэмэгдэж, урсаж эхэлвэл голдрилоороо энэ хоёр булаг нийлнэ. Тэгвэл одоо урсаж байгаа голын усны хэмжээ ихсэж, малын тарга тэвээрэгт сайнаар нөлөөлж, бэлчээр талхлалт багасна гэж малчид үзэж байна.

Цахилгаан автомашины дууссан зай хураагуур ямар их хортой байдаг талаар иргэд төдийлөн мэддэггүй. Нэг ширхэг хуруу зайнд 8 мянган литр орчим усыг бохирдуулах хэмжээний хорт бодис агуулагддаг. Гэтэл цахилгаан автомашины дууссан зай хураагуурт үүнээс хэд дахин илүү хорт бодис агуулагддаг байна. Дэлхийн олон улс орон цахилгаан автомашины дууссан зай хураагуурыг дахин боловсруулах технологитой байдаг. Харин манай улсын засварын төвүүд сольсон зай хураагуураа шууд хаядаг байна.
Энэхүү мэдээллийн мөрөөр манай сэтгүүлч Б.Ариунцэцэг сурвалжиллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг үзээрэй.

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан энэ долоо хоногт боллоо. Хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлав. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас машин цагийн нэгж зардлыг угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар баталлаа. Мөн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар батлав. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2.1 тэрбум төгрөг болж 2015 онд 20.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88.7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132.4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарчээ.
Мөн НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг хэлэлцэн батлав. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай.

Багануурын уурхайд нүүрс тонн тутам нь 36 мянгаар зарагдаж байна. Харин нийслэлд хэрэглэгчдийн гар дээр ирэхдээ нэг л удаа гал түлэхэд хүрэлцэхүйц савлагдсан шуудайтай нүүрс 1500-2500 төгрөг буюу нэг тонн нь 180 мянган төгрөг болж хүрдэг. Өөрөөр хэлбэл, үнэ нь замдаа 5 дахин өсөж ирдэг. Монголд өнөөдөр 5 дахин нугардаг ашигтай бизнес хаана ч байхгүй. Гэтэл чухам яагаад нүүрсний үнэ ийнхүү хэд дахин өсөж хэрэглэгчийн гэрт очиж байгааг манай сурвалжлагч Б.Батбаяр газар дээрээс нь сурвалжилсан юм. Сурвалжлагын дэлгэрэнгүйг үзэх боломжтой.

Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөө, маргаашдаа баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Салхи 25-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.


















