Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 11 дүгээр сарын 2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст цас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаас /шууд/ ..

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэн шийдэж, хуулийг бүхэлд нь эцэслэн баталлаа.

Чуулганы хуралдааны үеэр гишүүд байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, санал хэлсэн. Үүний дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсан юм. Ингэхэд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр дээрх хэргүүд өршөөлд хамрагдахгүй болж байгаа юм. Харин байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг авсан тул өршөөлд хамрагдахаар болж байна.

Ингээд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 зүйл бүхий хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 91.2 хувийн саналаар дэмжсэнээр хууль батлагдлаа. Уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.


УБТЗ 2015 оныг тохижилт үйлчилгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд “Жишиг гал тэрэг” үйлчилгээг нэвтрүүлж 275, 276 дугаар галт тэргийг долоодугаар сарын сүүлчээс туршилтаар УБ-Замын-Үүд-УБ чиглэлд явуулж эхэлсэн юм. Энэ долоо хоногт туршилтын хугацаа дуусч албан ёсоор нээлтээ хийлээ. Галт тэргээр зорчих үед иргэдийн ая тухтай байдлыг өндөр зэрэглэлд байлгахаар зорьж байгаа тус жишиг галт тэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа ч тасалбарын үнэ нэмэгдээгүй гэж УБТЗ-ын удирдлагууд хэллээ. Энэхүү галт тэргэнд тоглоомын болон бялдаржуулах өрөө нэмэгдсэн бөгөөд цагийн такс төлж орно. Мөн өрөөндөө зурагт үзэх, интернэт хэрэглэх боломжтой бөгөөд бизнес ангиллын буюу люкс вагонуудыг ч нэмж тохижуулжээ. Цаашид аялал жуулчлалын галт тэргийг бий болгох үүднээс од харах, бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг нээх зорилготой байгаа аж. Галт тэргийг тохижуулахын тулд 500 орчим сая төгрөг буюу хагас тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид ч энэ мэтээр олон улс, дотоодын бүх чиглэлийн галт тэргийг тохижуулахаар төлөвлөөд байгаа ажээ.


Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярыг энэ пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Ойд зориулан 2000 гаруй иргэн оролцсон хүндэтгэлийн парад болов. Хүндэтгэлийн парадаас хийсэн фото сурвалжлагыг үзээрэй.


Хиам, гахайн утсан мах зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, хүн өдөрт 50 граммаас дээш хиам, зайдас идээд байвал хавдраар өвчлөх магадлал 18 хувиар нэмэгддэг байна. Манай улсын иргэд өдөр тутмын хүнсний хэрэглээндээ хиам болон гахайн утсан махыг өргөн хэрэглэдэг. Тэгвэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг “IRC” олон улсын судалгааны байгууллага энэ төрлийн хүнс хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг гаргажээ. Хиам хийхийн тулд амт сайжруулагч бодис, өнгө тогтворжуулагч, чийг баригч, наалдалт ба бөөгнөрлийн эсрэг үйлчилгээтэй бодис гээд 33 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гардаг байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хиамыг хэрэглэхдээ өөртөө тохирсон, хэмжээг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.


Энэ он гарсаар агаар дуслын замаар дамжин халдварладаг улаан эсэргэнэ өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Улаан эсэргэнэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. ХӨСҮТ-өөс өгсөн сэрэмжлүүлгийг уншаарай.


Цаг агаарын мэдээ хүргэе. Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 11 дүгээр сарын 2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 1-нд Алтайн уулсаар, 2-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах