Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ. 14, 16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15, 16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр пүрэв гарагт тохиолоо. Энэ өдрийг монголчууд бүх нийтээрээ амарч тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн өдрийн нэг чухал арга хэмжээ нь Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол байлаа. Энэ жил нэр хүндтэй тус шагналыг Монголын соёл-яруу найргийн академийн ерөнхийлөгч, СГЗ зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол бахархлын өдөр "Чингис хаан" одон гардуулж хэлсэн үгийг уншигч та бүхэн унших боломжтой.

Түүнчлэн “Чингис хаан” одон гардуулах ёслолын үеэр СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн хэлсэн үгийг уншаарай.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Чингисийн талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Үүний дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлсэн. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлсэн юм.
Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-гийн нээлтийн ажиллагаа энэ долоо хоногт боллоо. Энэ хүрээнд олимпод оролцох баг тамирчдадаа дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготой "Цомын аян"-г 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна. Булган, Дорнод аймаг, Баянзүрх дүүрэг, Монголын банкуудын холбоо, төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулиуд цомыг хүлээж авлаа. Мөн өдөр тус сан "Рио 2016” олимпийг шууд дамжуулан үзүүлэх МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Арга хэмжээнд олимпийн аваргууд болон медальтнууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Эрүүл мэнд, спортын яам, МҮОХ, Олимпийн академи, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцлоо.

Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу "Алтан сан" бие даасан сувгийн нээлт Монгол бахархлын өдөр боллоо. “Алтан сан” радио Монголын радиогийн хур, өв санг эргэлтэд оруулж, ард түмэндээ сэргээн хүргэх бодлогыг барьж ажиллах юм. Энэ суваг өдөр тутмын 16 цагийн эфирээ цахим орчинд ч сонсогч танд хүргэнэ. Одоогоор 10-12 нэвтрүүлгийг “Алтан сан”-гийн долгионоор явуулахаар төлөвлөжээ. “Алтан сан-театр”, “Долгион радио сэтгүүл”, “Алтан сан радио туршлага”, “Алтан сан радио хичээл”, “Үлгэрийн сан” зэрэг нэн сонирхолтой, сонсууштай нэвтрүүлгийг та "Алтан сан" радиогоос сонсоорой. Яг одоо MNB.MN сайтын шууд эфирээс "Алтан сан" радиог сонсох боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг уншаарай.

Б.Эрдэнэчимэг гэх монгол бүсгүйн бүтээл Швейцарийн “Victorinox” компаниас зарласан дизайны уралдаанд шилдэг 40-д шалгарчээ. Энэ уралдаанд олон улсын уран бүтээлчдээс нийт 1024 бүтээл ирсэн байна. Эдгээрээс шалгарсан 40 дизайныг олон нийтэд дэлгэсэн бөгөөд онлайн санал асуулгаар эхний 10 бүтээлийг шалгаруулах юм байна. Б.Эрдэнэчимэгийн уралдаанд оролцож байгаа бүтээл нь "Rainforest Walk" нэртэй. Халуун орны ургамал, моддоос санаа авч энэхүү дизайныг гаргажээ. Хэрэв Б.Эрдэнэчимэгийн бүтээл эхний 10-т шалгарах юм бол “Victorinox” компаниас 2016 оны “Limited edition” бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргах аж. Өөрөөр хэлбэл, энгийн загвараасаа арай үнэтэй, цөөхөн хувиар хийгдэж зарагдана гэсэн үг юм. Уншигч та бүхэн Б.Эрдэнэчимэгийн бүтээлд саналаа өгөхийг хүсвэл линкээр ороорой. Санал өгөхөд email хаягаа оруулах шаардлагатай ба өгсөн саналаа баталгаажуулахын тулд Victorinox AG компаниас ирүүлсэн захианд байгаа "Confirm vote!" гэсэн дээр дарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар урд хөршид мах, махан бүтээгдэхүүн гаргах үед хяналт шалгалт хийж олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний загварыг БНХАУ-ын талтай урьдчилан тохирч Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажуулахаар бэлэн болгоод байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ. 14, 16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15, 16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.


















