Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг тогтоолд хориг тавьсан талаар УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.
Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэжээ.

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр “Амгалан” дулааны станцын нээлтийн ажиллагаанд оролцов. Уг дулааны станц ашиглалтад орсноор 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг пүрэв гарагт олон нийтэд хандаж үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзэх боломжтой.

Энэ долоо хонгийн “Шийдлийн цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж чадсаныг сайшаав. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлага гарч байна гэлээ.
Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна.
Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна гэдгийг Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд мөрдөнө. Цахилгааны шөнийн тарифын мөрдөх хугацаа нь 21.00-06.00 цагийн хооронд байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэллээ. Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тогтолцоог дэмжиж, 12 дугаар сарын 1-нээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.

Шинжлэх ухааны шинэ ололтуудад суурилсан шилдэг бүтээлийн “Шинжлэх ухаан, инноваци үйлдвэрлэл- 2015” үзэсгэлэнд 50 гаруй байгууллагын 200 гаруй нэр төрлийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг дэлгэлээ. Элэгний хорт хавдрын өсөлтийг бууруулах бүтээгдэхүүн, чихрийн шижин өвчнийг эдгээх бэлдмэлийг энэ үеэр танилцууллаа. Мөн ноос, ноолууран эдлэлээ цэвэрлэхийн тулд заавал хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийгЭНДЭЭС уншина уу.

Одоо уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 29-нд Алтайн уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 1, 2-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


















