Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч сулавтар байна. Энэ сарын 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Гэрээнд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Санхүүгийн корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирал Риккардо Пулти нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд М.Энхсайхан, "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийгЭНДЭЭС унших боломжтой.


Улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна. Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нэг аймагт дунджаар 150.0-250.0 сая төгрөг хуваарилахаар болжээ. Малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж байгаа 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг энэ долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-нд манай улсад айлчиллаа. Ерөнхий сайдууд ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Тодруулбал,

· БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээл /2011-2015/-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидал,

· Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

· Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

· Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийцлэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.


БНХАУ-ын Чэнгдү хотноо Ой тогтоолтын 24 дэх удаагийн ДАШТ болж өндөрлөлөө. Монголчууд нийт 11 медаль хүртээд байна. Тэмцээнд манай улсын өсвөр насны тамирчид дэлхийд номер нэг гэдгээ харуулж, есөн медалийн наймыг нь хүртжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Манай улс төмснийхөө дотоодын хэрэгцээг бүрэн хангаад одоо экспортод гаргах хэмжээнд үйлдвэрлэл явуулж байна. Амт чанарын хувьд маш сайн сортын төмсийг хэрэглээд зогсохгүй, үрийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан. Борлуулалтын сүлжээгээ боловсронгуй болгох, экспортод гаргах үүд гарцыг нээх л үлдэж байна. Төмсийг зөвхөн хар шороон хөрсөнд л тарьж ургуулдаг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн төмсийг хөрсгүй орчинд ургуулах бүрэн боломжтой гэдгийг туршилтаар баталж үйлдвэрлэлд нэвтрүүлэн гаргаж авчээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭСуншаарай.


Цаг агаарын мэдээ хүргэе. Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч сулавтар байна. Энэ сарын 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21, 22-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хуваалцах