Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна. 25-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг уншигч танд тоймлон хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцлоо. “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг. Мөн бүсчилсэн уулзалтууд хийдэг. Энэ удаагийн чуулга уулзалт нь “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд болж, 250 гаруй салбар хуралдаанаар өрнөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв”, “2016 оны төлөв, хандлага” дэлхийн эдийн засгийн лидерүүдийн уулзалт”-д оролцсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжин баталлаа. Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд "1-17 бүлгийн" гэдэг хэсгийг хасч өөрчлөлт оруулахаар заасан. Өөрөөр хэлбэл, 1-20 бүлгийн нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох зохицуулалтыг тусгасан юм. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн хэрэв хүүхэд бүрт мөнгөө хуучнаар нь олгохоор бол төсвийн тодотголыг цуг оруулж ирэх байсан гэх саналыг хэлж байсан. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Дэлхийн банкны хөтөлбөрөөр өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явуулсан. Судалгааны үр дүн гарсан. Хүүхдийн мөнгө хасах асуудал яригдаагүй. Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутсан тохиолдолд ямар нэг эрсдэл үүсэхгүй. Тодотголоор зохицуулах бүрэн боломжтой" гэсэн тайлбар өглөө.


Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хуулийн төслийг баталсан. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой. Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus” аппилейкшныг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобусуудын байршлыг харж болохоороо онцлогтой. Одоогоор Android үйлдлийн системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах юм байна.


ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаа ирэх долоо хоногт дуусах байсан ч энэ долоо хоногт болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин тав хоног сунгаж, хоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлэхээр болсон байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас бид тодруулга авсан юм. Бүртгэл ням гарагт буюу нэгдүгээр сарын 24-нд дуусна. Тиймээс уншигч та бүхэн Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлдээ яаралтай хамрагдана уу. Заасан хугацаанд бүртгэлд хамрагдаагүй хүн хуулийн дагуу Захиргааны хариуцлага хүлээдэг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Цаг агаар огцом хүйтэрч -49 хэмд хүрэхийг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулаад байна. Тус хүрээлэнгийн технологич инженер, цаг уурч Ж.Сарантуяагийн ярилцлагыг ЭНДЭЭС унших боломжтой. Цаг агаар таагүй үед хүмүүсийг холын замд гарахгүй, малчдыг малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.


Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна. 25-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Хуваалцах