Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Энэ сарын 7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд, 8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн нутгаар цас орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.

Тойм мэдээллийнхээ эхэнд бид гурван ихэр хүүхэд мэндэлсэн тухай гэгээлэг мэдээг онцолж байна. Хоёрдугаар сарын 4-нд ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүдийн хоёр нь охин, нэг нь хүү юм. Охид 1.8-1.9 кг жинтэй төрсөн бол хүү 2.1 кг жинтэй төржээ. Ихрүүд болоод ээжийн бие эсэн мэнд байна. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Шар ямаат” гэх газар өвөлжиж байгаа Н.Ганхуягийнд энэ сарын 3-ны өдөр хоёр ихэр хүү мэндэлсэн сайхан мэдээ бас байна. Малчны гэрт мэндэлсэн ихрүүдийг сумын эмч нар болоод аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид эх барьж авсан байна. Н.Ганхуяг, Т.Отгонжаргал нар ийнхүү гурван хүүтэй болж байгаа юм.

Энэ онд нийслэл болон 21 аймгаас 140 малчны тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмыг харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчин"-аар шалгаруулаад байна. Аль аймгийн хэн “Улсын сайн малчин”-аар тодорсныг та бүхэн ЭНДЭЭС унших боломжтой.

Пүрэв гараг бүр болдог “Сайдын цаг” уулзалтад энэ удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрбээр нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгох тухай мэдээлсэн. Энэ дагуу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг баасан гарагаас өгч эхлээд байна. Дашрамд өгүүлэхэд, 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999 мянга орчим хүүхэд авах аж. Энэ нь нийт хүүхдийн 97 хувь юм байна.

Энэ долоо хоногийн онцлох нэг үйл явдал бол “Болор цом” наадам байлаа. 33 дахь жилтэйгээ золгож буй энэ наадамд өнөө жил Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил тус наадамд дэд байрт шалгарч байсныг уншигч та санаж буй биз ээ. Харин хоёрдугаар байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар, гуравдугаар байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрыг “Болор цом”-ын дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, тавдугаар баярыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул эзэлсэн юм. Шагналт байрыг яруу найрагч Б.Баттулга хүртлээ. Уншигч та бүхэн “Болор цом-33” наадмын фото сурвалжлагын ЭНДЭЭС үзэх боломжтой. Харин наадмын тэргүүн шүлгийг ЭНДЭЭС уншаарай.

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт Цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд хилийн зарим боомт амарна. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар ажиллах бол авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана.

Сар шинийн баярыг угтан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дугаарын хязгаарлалт энэ амралтын өдрүүдэд мөн мөрдөгдөнө. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сарын 6-ны бямба гарагт авто машины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 7-ны ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Энэ сарын 7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд, 8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 7-8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч эрс суларч Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


















