Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.

Зүрхний хэм алдагдлын өвчнийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болсныг Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч нар хэлж байна. Манай улсад энэ өвчнийг урьд нь эмчлэх боломжгүй байсан. Тиймээс энэ өвчнөөр өвчилсөн иргэд зайлшгүй гадны улсад очиж өндөр үнэтэй эмчилгээ хийлгэдэг байжээ.
Хүний зүрх нэг минутад 60-70 удаа цохилж байх ёстой. Зүрхний цохилтын хэмнэлт алдагдсан тохиолдолд судасны мэс засал хийж, эмчилдэг. Ийм төрлийн мэс засал хамгийн хүнд эмчилгээнд тооцогддог төдийгүй эмчийн нарийн ур чадвар, өндөр хөгжсөн техник технологийн хүчинд хийдэг байна. Манай улсад сүүлийн үед зүрхний шигдээс, зүрхний харвалт нэмэгдсэн. Энэ нь зүрхний хэм алдагдах өвчтэй холбоотой. Мөн зүрхний хэм алдагдсан олон хүн гадагшаа явж эмчлүүлдэг байна. Тухайлбал, БНСУ-ын “Анам” нэртэй зүрх судасны эмнэлэгт жилд 30 монгол хүн эмчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ эмнэлэгт нэг удаа эмчилгээ хийлгэхэд өвчний хүнд, хөнгөнөөс хамаарч 30-90 сая төгрөгийн төлбөр төлдөг байна. Зүрх судасны хэм алдагдлын аппарат тоног төхөөрөмжийг суурилуулахад 1 тэрбум 50 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгийг манай улсын Засгийн газар гаргажээ.

“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ зарлагдлаа. Ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган бидэнд илгээгээрэй. Хайр гэрэлтэж, сургамж дагуулсан тэр л захидлуудыг ном болгон эмхэтгэж, шилдэг захидлыг шалгаруулах болно. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад энэ долоо хоногт Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг тэрбээр онцолсон юм. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншаарай.

Завхан аймаг Хөвсгөлийн Могойн голын уурхайгаас нүүрс тээвэрлэн хэрэгцээгээ хангадаг. Мөн тус аймгийн говийн сумдад шаваг, тэсэг зэрэг модлог ургамлыг түүж түлшинд ашиглахыг хориглосон. Тиймээс Завханчууд түлээ, нүүрсний зардалдаа жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж буй юм байна. Уг нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах зорилгоор геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх талаар тусгагдсан. Гэвч бодит ажил хийгдээгүй байна. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тандан судалгаа, хайгуулын ажил хийгдэж Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Нөмрөг, Тэлмэн сумын нутагт нүүрсний арваад орд, илэрц байгааг тогтоожээ.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2-60 айлын нэгдүгээр давхарт пүрэв гарагт гал гарлаа. Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийнхан цаг алдалгүй ажиллаж, галыг шуурхай унтраасан юм. Аврагчид 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аварлаа.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. 21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


















