Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөө, маргаашдаа зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 29-нд зарим газраар, гуравдугаар сарын 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


Энэ долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил амжилттай байгаа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Баруун аймгууд руу жижиг онгоц нислэг хийдэг, нислэгийн хугацаа 3 цаг гаруй үргэлжилдэг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай”-г онцолсон. Энэ уулзалтад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар оролцсон юм. Энэ үеэр орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой солибон хэрэглэвэл нислэгийн хугацааг багасгах боломж байгааг хөндсөн. Тодруулбал, Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Пүрэв гараг бүр болдог “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байна. Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн гэж Сангийн сайд мэдээлсэн юм.


Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр аймаг, нийслэлд барьсан 929 орон сууцыг зах зээлийн ханшаас хямд үнээр иргэдэд түрээслүүлэхээр болсон. Тодруулбал, Улаанбаатар хотод 350 айл, орон нутагт 579 айл 30-50 метр квадрат хүртэл байрыг түрээслэх юм. Үнийн хувьд өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар шийдэж, нийслэл хотод метр квадрат нь 5500, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тусгажээ. Түүнчлэн Түрээсийн орон сууцанд амьдрах иргэд эрсдлээс хамгаалсан гурван сарын төлбөрөө байршуулаад, цаашид сар сард нь төлөөд явах боломжтой аж. Уншигч та бүхэн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.


Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Болдбаатар малын галзуу өвчнийг бага зардлаар буюу гаднаас өндөр үнээр худалдан авч байгаа оношлуураас 10 дахин хямд үнээр оношлох оношлуурыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Галзуу өвчнийг оношилдог ганц л аргыг 1958 оноос өдийг хүртэл дэлхий нийтээрээ ашиглаж байна. Оношлуурыг нь зөвхөн АНУ-д үйлдвэрлэдэг. "Дархан туяарах" нэршилтэй урвалаар оношийг баталгаажуулахад тусгай микроскоп гэрэл ашигладаг байна. Энэ гэрэл нь 150 еврогийн үнэтэй, 200 орчим цаг л ашиглах боломжтой. Тэгвэл монгол эрдэмтний шинэ оношлуур гэрлийн микроскопыг хязгааргүй ашиглах боломжтойгоороо давуу талтай юм байна.


“Ээждээ бичсэн захидал” уралдааныг найм дахь жилдээ зарлаад байна. Хайр гэрэлтэж, сургамж дагуулсан захидлуудыг ном болгон эмхэтгэж, шилдэг захидлыг шалгаруулах юм. Захидлыг 2016 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 3-ныг дуустал хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт нэг цэцэрлэг, нэг сургууль ашиглалтад орсон таатай мэдээ байна. Тодруулбал, дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117 дугаар цэцэрлэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124 дугаар сургууль тус тус нээлтээ хийлээ. Дүүргээс сургууль, цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаагаа бидэнд дуулгасан.


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө, маргаашдаа зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 29-нд зарим газраар, гуравдугаар сарын 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Хуваалцах