Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна. 10, 11-нд зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


Малчдын хүүхдийг 7 настайд нь сургуульд оруулдаг байхыг дэмжив

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, малчдын хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болдог байх талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр зарим гишүүн зөвхөн малчдын хүүхдэд л асуудал байгаа юм биш. Алслагдсан гэр хорооллын өрхийн зургаан настнуудад хол газар алхаж, үүнээс үүдэн сургууль завсардах тохиолдол байдаг гэдгийг хөндөж байсан. Энэ жил 10 мянга орчим малчин өрхийн хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна. Тэдний 2000 орчим нь дотуур байранд амьдардаг аж. Тиймээс дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг мөн авч хэлэлцэх нь чухал гэлээ. Ингээд санал хураахад гишүүдийн 57.8 хувь нь дэмжиж, энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.


Тариаланчдад хоёр жилийн хугацаатай зээл олгоно

Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм. Тэгвэл Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор боллоо.

Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлсэн байна. Зээлийг Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг арилжааны банкаар дамжуулан олгох тул тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд зээлийн материалаа бүрдүүлэн банкуудад хандах хэрэгтэй юм.


Газар тариалангийн тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн татвараас чөлөөлнө

Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжийг 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлсөн. Тодруулбал, 2008-2011 онд 30.0 тэрбум төгрөг, 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 45.7 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлжээ. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилж, гурилын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээт гурилын 75 орчим хувийг үйлдвэрлэх боломж бүрдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншина уу.


Чигэстэй голд машины масло их хэмжээгээр асгажээ

Завхан аймгийн төв Улиастай хотын дундуур Богд, Чигэстэй гэсэн хоёр томоохон гол урсдаг. Иргэдийн ундны усны эх үүсвэр болсон голд машины масло агсаж бохирдуулжээ. Тодруулбал, Улиастай сумын Жаргалант багийн Чигэстэй голын жижиг салаа хэсэг дээр иргэд машины масло их хэмжээгээр асгажээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн цагаан загаснаасболгоомжлохыг сануулав

“Хөвсгөлийн цагаан загас” гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна. Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС унших боломжтой.


Шарилжныхаршлын эсрэг вакцин хийж байна

Шарилжны харшлаас урьдчилан сэргийлэх вакцин, цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр хийж эхэлжээ. Долоодугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж. Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно.

Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой юм байна.


Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна. 10, 11-нд зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10, 12-нд зарим газраар, 11, 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Хуваалцах