Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөөдөр ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно.
Мэдээллийн алба

Энэ долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг уншигч танд тоймлон хүргэе.
Ц.Элбэгдорж: АСЕМ бол Ази, Европ хоёр тивийн хоорондох яриа,
хэлцлийн хамгийн чухал механизм юм

Ази-Европын парламентын түншлэл /АСЕП/-ийн 9 дүгээр уулзалт өчигдөр Улаанбаатарт эхэлсэн. Тус уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.
Хөгжлийн банкнаас тариаланчдад олгох зээлийг барьцаагүй өгөхгүй

Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах" богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл энэ зээлийг газар тариалангийн холбоогоор дамжуулан барьцаагүй олгоно гэсэн ташаа мэдээлэл тарсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ талаар тодруулахад, "Хөгжлийн банкнаас тариаланчдад олгох зээлийг барьцаагүй өгөхгүй. Олны дунд тараад байгаа яриа ташаа мэдээлэл" гэлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болголоо

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо энэ долоо хоногт хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж, 240 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Г.Эрдэнэтуяа: Нярай хүүхдийн цусаар удамшлын болон сэтгэцийн
өвчинтэй эсэхийг тодорхойлох боломжтой

“Нийслэл ротари” болон БНСУ-ын Ёонин клубын дэмжлэгтэйгээр манай улсад нярайн скрининг шинжилгээг хийх гэж байна. Энэ хүрээнд бамбай булчирхайн төрөлхийн анхдагч дутагдал, адреногениталь хам шинж гэсэн хоёр эмгэгийн шинжилгээг улсын амаржих газруудад төрөх 6000 нярайд үнэ төлбөргүй хийх юм байна. Бид энэ талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяатай ярилцсан. Та бүхэн ярилцлагыг ЭНДЭЭС унших боломжтой.
Хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд өдөрт 4 цагийн цалинтай
чөлөө олгохоор боллоо

“Монголын мэдээ” суваг энэ долоо хоногт улаанбурхан өвчнийг сэдэв болгон, өдөр бүр мэдээллийн хөтөлбөрүүдээрээ мэдээлж ажилласан. Засгийн газраас улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор хөхүүл эхчүүдэд олгох цагийн цалинтай чөлөөг нэмлээ. Тодруулбал, нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд долоодугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж хоёр цагийн цалинтай чөлөө олгохоор болж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Иргэдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд сайн дураар хамруулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар мөн улаанбурхан өвчний тухай хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил тавдугаар сард болно.
Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болно гэлээ. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд дархлаагаа сайжруулж, хүүхдээ хөхний сүүгээр хооллох”-ыг зөвлөж байна. Ингэснээр 0-6 сартай хүүхдүүд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх магадлал өндөр болно гэж мэргэжилтнүүд хэлж байв.
Т.Энхбаатар: Түймэрт өртөж, эмнэлэгт хүргэгдсэн хүний бие хүнд байна

Энэ сарын 20-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархсан мэдээллийг бид та бүхэнд шуурхай мэдээлж ажилласан. Түймрийн талаарх хамгийн сүүлийн мэдээг таЭНДЭЭС унших боломжтой.
"Оргил" худалдааны төвөөс Удирдлагын академийн уулзвар
хүртэл зам хаана

Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон хүртэлх 0.75 км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байна. Энэ ажлын эхний хэсэг болох "Оргил" худалдааны төвийн уулзвараас Удирдлагын академийн уулзвар хүртэлх 400 м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 2016 оны дөрөвдүгээр сарын 24-ний 22:00 цаг хүртэл зам хаана. Тиймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Маргааш ихэнх нутгаар хуурай салхитай

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.


















