Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнө, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг уншигч танд тоймлон хүргэе.


Сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр зогсооно

Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Ирэх зургаадугаар сарын 29-нд болох сонгуультай холбоотойгоор энэ сарын 30-наар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байна. Үүнээс гадна сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байрлуулжээ.

Иргэдийн хувьд зургаадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандаж болно. Түүнчлэн хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг Улсын бүртгэл, статистикийн газраас анхааруулж байна.


“Буянт-Ухаа 2” хороололд орон сууц түрээслэх эрхтэй иргэдийн нэр тодорлоо

Энэ долоо хоногт Төрийн орон сууцны корпорацид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, “Буянт-Ухаа 2” хороололд байр түрээслэх хүсэлт илэрхийлсэн иргэдийн дунд цахим сугалаа явууллаа. Эдгээр иргэдийн нэрийг өчигдөр нийтэд зарласан юм. Та ЭНДЭЭСнэрээ шүүж харах боломжтой.


Улсын хэмжээнд төл бойжилт 98.2 хувьтай байна

Улсын хэмжээнд 14.1 сая эх мал төллөж, 13.9 сая төл хүлээн аваад байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар нийт эх малын 59.2 хувь төллөжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдсэн гэсэн үг юм. Тодруулбал, 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал, 7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна.


ОХУ-аас 8000 тонн үрийн буудай авна

ОХУ-аас 8000 тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс өчигдрийн байдлаар “Хөтөл” салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2000 тонн үрийн буудайг хүлээн авчээ. Нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан “Алтайская-530” сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм байна. “Алтайская жница” сортын үр нь “Алтайская-530” сортоос 5-7 цн-ээс илүү ургац өгөх боломжтой нь ОХУ-ын Алтай мужийн ХААЭШХ-гийн судалгаагаар тогтоогдсон аж.


Элсэлтийн ерөнхий шалгалтыг 37 мянга орчим сурагч өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд дууссан. Улсын хэмжээнд 70 хоногийн хугацаанд 33 мянга 300 орчим хүүхэд бүртгүүлжээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид зургаадугаар сарын 15-19-ний хооронд ерөнхий шалгалтаа өгөх бол улсын шалгалтаа тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 2-ны хооронд өгөх хуваарь гарсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Зарим авто замын хөдөлгөөнийг түр хаана

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын цагдаагийн баруун урд уулзвараас "Баянмонгол" хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өчигдрөөс хааж, хучилтын ажил хийж байна. Тухайлбал, Замын цагдаагийн баруун урд уулзвараас "Баянмонгол" хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын цагдаагийн баруун урд уулзварыг дөрөвдүгээр сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 10:00 цагийн хооронд хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд жолооч та бүхэн өөр замыг сонгон зорчоорой.


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнө, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Таюдугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаарна.

Уншигч та бүхэн тавдугаар сарын тэнгэр, цаг агаарын шинж төлөвийг ЭНДЭЭС сонсох боломжтой.

Хуваалцах