Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Ираны Тегеран хотноо болж буй диф буюу сонсголгүй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулсан нь энэ долоо хоногийн онцлох мэдээ байлаа.
Мэдээллийн алба

Энэ долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг уншигч танд тоймлон хүргэе.
Н.Эрхэмбаяр алтан медаль хүртлээ

Ираны Тегеран хотноо болж буй диф буюу сонсголгүй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулсан нь энэ долоо хоногийн онцлох мэдээ байлаа. Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарсан юм. Улмаар эзэн орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга боллоо. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС унших боломжтой.
Г.Баярсайхан: Сумдад 66 мянган ажлын байр шинээр бий болгоно

“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Тэрбээр цалин хөлс, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян, “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, малчны мэргэжлийн ангийн талаар мэдээлэл хийсэн юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон.
Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭСуншаарай.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өчигдрөөс эхэллээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль
Цэрэг татлага тавдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.
Хуванцар саваар ногооны хүлэмж барьжээ

Энэ долоо хоногт бид Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд ундааны саваар ногооны хүлэмж барьсан сайн туршлагыг сурвалжилж уншигчдадаа хүргэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Энэ зун нийслэлд халуун ус хязгаарлах хуваарь гарчээ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх засварын ажлын график гарлаа. "УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хий х аж. Энэ дагуу тавдугаар сарын 10-наас эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж засвар хийхээр болжээ. Мэдээллийг дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.
Амралтын өдрүүдэд шөнийн цагаар зам хаана

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын “Маршал таун” руу ордог гарцнаас “Ривер гарден” хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх гэж байна. Тодруулбал, дээрх хэсэгт 2016 оны тавдугаар сарын 7-ны 23 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цагт, мөн тавдугаар 8-ны 23:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийнэ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 8-нд баруун болон төвийн нутгийн өмнө, говийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















