Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон уншигч танд хүргэе.


УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад хуваариллаа

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны саналаар “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 39 нь буюу 61.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдсан юм. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Ингэснээр УИХ “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэв.

Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна.

Ингэхдээ,

  • - Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр- 1,

  • - Дорнод, Завхан, Өмнөговь аймаг тус бүр - 2,

  • - Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр - 3 мандаттай байхаар боллоо.

Нийслэлийн тойргуудын тухайд,

  • - Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох,

  • - Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,

  • - Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,

  • - Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай,

  • - Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байна.

  • Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Импортоор орж ирсэн үрийн улаан буудай “чанартай” гэх эцсийн дүгнэлтийг гаргав

ОХУ-аас импортолж буй үрийн улаан буудайд хийсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний эцсийн дүн гарлаа. Шинжилгээгээр “Алтайская жница” сортын үрийн буудай нь MNS0487-2001 стандартын чанарыг бүрэн хангасан, хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай үр гэж дүгнэгджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


69 мянган өрхөд 200 тэрбум төгрөгийн зээл олгоно

Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг Засгийн газраас баталлаа. Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ.

Мөн хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг арван сая төгрөг хүртэл, зээлийн хугацааг таван жил байхаар тусгажээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлөх юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ долоо хоногт “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


“Ньюсвийтфүүдс” компани эклерийнхээ хугацааг нэг хоногоор хойшлуулж бичдэг байжээ

“Ньюсвийтфүүдс” ХХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хоолны хордлого, халдвар гарсан тухай мэдээлэл НМХГ-т ирсний дагуу Баянзүрх дүүрэг дэх МХХ-ээс томилогдсон ажлын хэсэг 10 хоногийн хугацаанд хоолны хордлого, халдварыг хянан, цаашид тархахаас сэргийлэх, голомтыг таслан зогсоох түргэн шуурхай арга хэмжээг авч ажилласан байна.

Шалгалтаар “Ньюсвийтфүүдс” ХХК нь эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг зөрчил илэрч, тус үйлдвэрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажилладаггүйг тогтоосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Хуваалцах