Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орж сэрүүхэн байна. Зургаадугаар сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 5, 7-нд зарим газраар, 6-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно.
Мэдээллийн алба

“Сэтгэлийн үндэс” цэцэрлэгийн шав тавилаа

МҮОНРТ-ээс санаачлан “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд БГД-ийн 21 дүгээр хорооны Горькийн 22 дугаар гудамжинд "Сэтгэлийн үндэс" цэцэрлэгийн шавыг тавилаа. Зургаадугаар сарын 1-нд болсон цэцэрлэгийн шав тавих ёслол хүүхэд багачуудад барьсан хамгийн том бэлэг байв. Учир нь цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас бага насны хүүхэд гэртээ цоожлогдон үлдэх, улмаар ахуйн осолд өртөж, эндэх, элдэв гэмт хэргийн золиос болох тохиолдол гарсаар буй юм. Тиймээс МҮОНРТ-ийнхэн хүүхдийн эрхийг дээдэлж, энэхүү аяныг эхлүүлсэн нь олон аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгийг аваад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.
Тэтгэвэр нэмэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн хэмжээг 2016 оны зургаадугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэв. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг зургаадугаар сарын 1-нээс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна.
Өнөөдөр авто машингүй өдөр

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон-2016" олон улсын гүйлт өнөөдөр болно. Энэ өдрийг “Авто машингүй өдөр” болгон зарласан бөгөөд авто машины хөдөлгөөнийг хязгаарласан зам, талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах юм. Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарч байна. Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлаад байгаа юм. Мөн эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орлоо. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
Нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орж сэрүүхэн байна. Зургаадугаар сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 5, 7-нд зарим газраар, 6-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 7-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.


















