Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Есдүгээр сарын 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12,14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монголын тамирчид паралимпид амжилттай оролцож байна

"Рио-2016" паралимпийн наадам Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж байна. Тус наадамд манай улсын найман тамирчин байт харваа, жүдо, буудлага, пауэрлифтинг, хөнгөн атлетикийн төрлөөр өрсөлдөнө. Паралимпийн эхний өдөр буюу есдүгээр сарын 8-нд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулаад байна. Түүний хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэгийг та бүхэн ЭНДЭЭС үзэх боломжтой.
Мөн өдөр эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Мөнхбат дэвжээнд гарах байсан ч чадаагүй. Учир нь манай бөх барилдааны өмнөх жингийн давтан үзлэгт хамрагдахад илүүдэлтэй байсан нь тогтоогджээ. Тэрбээр тэмцээний өмнөх өдөр болсон жингийн үзлэгт 65 кг 900 гр байсан бол барилдааны өмнө 70 кг 800 грамм болсноор дүрмийн дагуу эхний барилдааныг хийх боломжгүй болсон байна.
Зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгарсан. Тэрбээр 8 метр 59 см түлхэж, энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Г.Цогтгэрэлийн хувьд “Бээжин-2016” Азийн паралимпийн гран при, “Дубай-2016” Азийн далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальтай тамирчин юм. Тэрбээр энэ сарын 15-нд зээрэнцэг шидэлтээр дахин өрсөлдөнө.
Паралимпийн XV наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлиийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна. Мөн төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхамууд хийгдсэн. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Тухайлбал, 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн бол 2010-2016 оны эхний 8 дугаар сарын байдлаар тус гэмт хэргийн улмаас 95 хүн амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудын судалгаа харуулж байна" гэлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭСуншина уу.
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оров

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр Городокийн суурьшлын бүс хүртэл 1.02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 "Городок-Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна.
Мөн хот орчмын Х0:3 "Городок-Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам" чиглэлийн замналын зураглалд Налайх дундын нэг, Налайх дундын хоёр, автобусны зогсоол нэмэгдлээ.
Н.Болормаа: Монгол Улс эргээд иод дутлын эмгэгийн асуудалтай орон болоход ойрхон байна

Манай улс 1996 онд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлж, улмаар иод дутлын эмгэгийн хувь буурсан байдаг. Харин энэ асуудал өнөөдөр эргээд сөхөгдөж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь сүүлийн жилүүдэд иргэд иоджуулаагүй жамц давс хэрэглэх болсноос гадна хүн амын ерөнхий хооллолтын дэглэмд өөрчлөлт орсноор өөрийн биед шаардагдах иодын хэмжээг нөхөж чадахаа больжээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцсан юм. Уншигч та ярилцлгагыг бүрэн эхээр нь ЭНДЭЭСуншаарай.
Газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай, өдөртөө дулаан байна

Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай, өдөртөө дулаан байна. Есдүгээр сарын 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12,14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


















