Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст, маргааш зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Монголын тамирчид паралимпийн наадмаас 2 хүрэл медаль хүртлээ

“Рио-2016” паралимпийн наадам Бразилийн Рио-Де-Жанейро хотноо амжилттай үргэлжилж байна. Тус наадам тамирчдаа илгээж байгаа улс орнуудын тоогоор дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байгаа. Энэ удаагийн наадамд дэлхийн 160 орны 4000 гаруй тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

“Рио-2016” паралимпийн хөтөлбөрт суугаа сагсан бөмбөг, дугуй, суугаа гар бөмбөг, голбол, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийг өргөлт, усан сэлэлт, суугаа регби, байт харваа, буудлага, суугаа теннис, таван хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөг, долоон хүний бүрэлдэхүүнтэй хөл бөмбөгийн тэмцээнүүдээс гадна каноэ, триатлон, сэлүүрт завины төрлүүд анх удаа нэмэгдээд байгаагаараа онцлогтой юм.

Манай улсаас паралимпийн наадамд эх орноо төлөөлөн найман тамирчин байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр өрсөлдлөө.

"Рио-2016" паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүлснийг бид өмнөх тоймдоо онцолсон. Тэгвэл энэ удаад паралимпийн зургаа дахь өдөр Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ мөн хүрэл медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулаад байгааг дуулгахад таатай байна. Эх орноо төлөөлөн паралимпийн наадамд оролцсон Монголынхоо нийт тамирчин дасгалжуулагч нарт спортын их амжилт хүсье.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах нь чухал байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС унших боломжтой.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сард болно

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Үүнтэй холбогдуулж байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох болон сонгуулийн хороодын сургалтыг нийслэлийн дүүргүүд, аймгуудад зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22.000 орчим ажилтан байна. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарч, санал авах байранд автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.
Нэмж мэдээлэхэд, сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан юм.

Зам хаана

Өнөөдөр 23:00 цагаас маргааш өдрийн 07:00 цагийн хооронд зам засварын ажил хийхтэй холбоотой Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрний хойд уулзвараас Дулааны гуравдугаар цахилгаан станцын уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хаана. Та бүхэн замын хаагдах хэсгийгЭНД дарж үзнэ үү.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр нутгийн зүүн хагаст, маргааш зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Хуваалцах