Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөөдөр баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Өвлийн цагийн хуваарьт шилжлээ

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 3 дугаар сарын 26-ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг урагшлуулан зуны цагийн хуваарьт шилжсэн. Энэ оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар боллоо.
70-аас дээш насныханд 100-300 мянган төгрөгийн “Насны хишиг” олгоно

Энэ долоо хоногийн лхагва гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг батлуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Төслийн үзэл баримтлалд “Сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.
"Харвони" эмийн үнийг 300 ам.доллар болгожээ

Элэгний С вирусыг эмчлэх "Харвони" эмийг манай улсад өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард оруулж ирж С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай гэж бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхэлсэн.
Өндөр хөгжилтэй улс оронд гурван сарын эмчилгээ нь 94000 ам.доллар байдаг уг эмийг манай улсад нэг сарын хэрэглээг 400 ам.доллар буюу гурван сарын эмчилгээг 1200 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байсан. Харин өчигдрөөс нэг сарын хэрэглээний эмийн үнийг 300 ам.доллар буюу 700 гаруй мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ. Өөрөөр хэлбэл, гурван сарын курс эмчилгээний төлбөр нь 900 доллар болж буй юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг та бүхэн ЭНДЭЭС уншаарай.
Хүүхдийн мөнгийг энэ сард багтаан олгоно

Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож, 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байршуулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох юм.
Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ. Өдөртөө 8-13 хэм дулаан байна.


















