Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

8-нд зүүн аймгуудын хойд, баруун аймгуудын баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр,10-нд зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ

Энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
2. 2016 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.
3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр боллоо.
4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа.


Улсын чанартай авто замын төлбөр хураах цэг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 тоот тогтоолоор “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталж, төлбөрийн хэмжээг тогтоосон. Үүнтэй холбогдуулан Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замд замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг тогтоож, барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншаарай.


120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт оров

120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна. ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:7, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Өнөөдөр бүх нийтээр мод тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9.7 сая мод тарьж ургуулжээ.

Энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож, тарьсны дараа цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, мөн тарьсан модыг бүртгэлжүүлж мэдээллийн сан байгуулах юм. Энэ намрын мод тарих өдрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хашаандаа мод тарьж, ургуулах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна.

Уншигч та бүхэнд мод тарьж ургуулах аргачлалын талаар танилцуулъя.

1.Суулгацын нүх ухах гүн 50-60 см, диаметр 70-80 см байна.
2.Хөрс бэлтгэхдээ 50 хувь хар шороо, 30 элс, 20 хувь нь хөх бууц байхаар хийнэ.
3.Суулгацыг тарихдаа нүхний голд үндсийг нугалахгүйгээр жигд тарааж суулгана.
4.Услах арга-Суулгасны дараа хөрсийг сайтар нягтруулж гишгэж өгна. Нэг модыг 60-80 литр усаар услах шаардлагатай. Намар тарьсан мод тайван байдалд шилждэг учир цэнэг усалгааг сайтар хийх ёстой.
5.Байгальд дасан зохицон ургах-Гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй.


Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. 8-нд зүүн аймгуудын хойд, баруун аймгуудын баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр,10-нд зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 9-нд зарим газраар, 10, 11-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Хуваалцах