Энэ онд 250 орчим сэтгүүлч баривчлагджээ
2019 онд дэлхий дахины хэмжээнд 250 орчим сэтгүүлч баривчлагдаж, хоригдсон байна.
Мэдээллийн алба

2019 онд дэлхий дахины хэмжээнд 250 орчим сэтгүүлч баривчлагдаж, хоригдсон байна. БНХАУ болон Турк улс хэвлэлийн эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарлаж буй орнуудаар нэрлэгдсэн байна.
АНУ-ын Сэтгүүлчдийг хамгаалах хороо гэх хувийн байгууллагын зүгээс хамгийн сүүлийн үеийн тайлан мэдээгээ танилцуулаад байна. Тус байгууллагаас 12 дугаар сарын 1-ний байдлаар дэлхий дахины хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж яваад саатуулагдаж, баривчлагдсан сэтгүүлч, хэвлэлийн ажилчдын тоо 250 -д хүрч байгааг онцолжээ.
Сэтгүүлчдийг хамгийн олон тоогоор нь саатуулсан орноор БНХАУ нэрлэгдсэн байна. Тус улсад 48 сурвалжлагч, хэвлэлийн ажилтан хоригдоод байгаа юм байна. Тэр дундаа, Хонгконг дахь ардчиллын төлөөх оюутан залуусын хөдөлгөөний талаарх мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэж байсан сэтгүүлчдийг саатуулсан байна.
Харин хэвлэлийн салбарт хамгийн хатуу ширүүнээр хандаж буй хоёр дахь орноор Турк улсыг нэрлэжээ. Тус улсад 2019 онд 47 сэтгүүлч хоригдоод байгаа бөгөөд энэ тоо нь өнгөрсөн жилийнхээс 20 гаруй хувиар цөөн байна. Турк улс өнгөрсөн гурван жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэлийн салбарынхыг хамгийн олон тоогоор нь хорьж, баривчилсан орноор нэрлэгдэж байсан юм.
Тус улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган 100 гаруй хэвлэлийг хааж, олон сэтгүүлчийг ажлын байргүй болгоход хүргэсэн гэдгийг Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдээлэлд онцолжээ. Мөн хуурамч мэдээлэл цацсан хэрэгтэй холбоотойгоор энэ жил 30 сэтгүүлч хоригдсон гэдгийг онцолсон байна.


















