Энэ онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 5,8 хувьд хүрнэ
Коронавирусний цар тахлын дэгдэлтээс болж дэлхийн эдийн засгийн сэргэлт жигд бус байхыг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас танилцуулсан тайландаа онцлон тэмдэглэжээ.
Мэдээллийн алба

Коронавирусний цар тахлын дэгдэлтээс болж дэлхийн эдийн засгийн сэргэлт жигд бус байхыг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас танилцуулсан тайландаа онцлон тэмдэглэжээ. Тус тайланд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт энэ онд 5,8 хувь, ирэх 2022 онд 4,4 хувьд хүрнэ гэж урьдчилан таамагласан байна.
Үүний зэрэгцээ дэлхийн ихэнх улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2022 оны эцэс гэхэд цар тахлын хямралын өмнөх үеийнхэд хүрэхээр байгааг онцолжээ. Мөн улс төрийн шуурхай шийдвэрүүд эрүүл мэндийн системийг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг сэргээхэд түлхэц өгснийг тэмдэглэсэн байна.
Цар тахал эхэлснээс хойш 16 сарын дараа олон улс орон халдварын шинэ дэгдэлтийн эсрэг илүү сайн хариу арга хэмжээ авч чаддаг болсныг үнэлжээ. Өндөр хөгжилтэй болон зарим хөгжиж буй орнуудад аж ахуйн нэгж компаниудаа дэмжиж, ажлын байрыг хадгалах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч чадсаны дүнд эдийн засаг нь богино хугацаанд сэргэх найдвар төрүүлж байгааг тэмдэглэсэн байна.
Гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд орлого багатай улс орнуудад вакцины хүрэлцээ хангамж муу байгаагаас халдварын шинэ давлагаа үүсгэж улмаар эдийн засгийн сэргэлтийг нь хойш татаж байгааг анхааруулж, дэлхийн хүн амын дийлэнх хувийг дархлаажуулахгүй бол вирусний шинэ хувилбаруудын халдвар тархаж эдийн засгийг тогтворгүйжүүлэх эрсдэл өндөр байгааг сануулсан байна.


















