Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын агаарын цэргийн командлагчид цахимаар хуралдлаа
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагчаар томилогдсон генерал К.Вилсбачийн санаачилгаар 2020 оны есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан бүс нутгийн 21 орны Агаарын цэргийн командлагч нарын цахим хурал амжилттай явагдлаа.
Мэдээллийн алба

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагчаар томилогдсон генерал К.Вилсбачийн санаачилгаар 2020 оны есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан бүс нутгийн 21 орны Агаарын цэргийн командлагч нарын цахим хурал амжилттай явагдлаа.
Тус хурал нь цахим хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн цахим хурал нь “Цаг агаарын эрс тэс байдал Агаарын цэргийн үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд явагдаж, хуралд оролцсон командлагч нар өөрсдийн орны цаг агаарын онцлог, сөрөг нөлөөлөл, түүнийг даван гарч буй туршлага, сургамжаасаа хуваалцаж, санал солилцсон ач холбогдолтой хурал боллоо.
Энэхүү цахим хуралд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Батбаяр, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын төлөөлөл болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны туслах атташе хошууч Маттью Смоллей оролцов.
Хурлаар цаг агаарын эрс тэс байдал, уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөллөөс гадна дэлхий нийтийг хамраад буй цар тахлын эсрэг улс орнуудын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд Агаарын цэргийн үүрэг, оролцоо өндөр байгаа талаар санал солилцож, зарим сайн туршлагуудаа хуваалцлаа.
Хурлын төгсгөлд генерал К.Вилсбач Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарыг ирэх оны 9 дүгээр сард АНУ-ын Хавай мужид зохион байгуулагдах командлагч нарын их хуралд оролцохыг урьж, дараагийн цахим хурлыг энэ оны 12 дугаар сард товлож байгаагаа мэдэгдсэн.

Эх сурвалж: ЗХЖШ


















