“Ер бусын аймшигт гар” палеонтологийн олдворыг хүлээн авлаа
Өмнөговь аймгийн Бүгийн цав хавцлаас олдсон Дейнохейрус үлэг гүрвэлийн гавлын болон хойт хөлний хоёр тавхайны ясыг Бельгийн Вант Улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, доктор Паскаль Годефройт тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ШУА-ын Палеонтологийн төвийн лабо
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Бүгийн цав хавцлаас олдсон Дейнохейрус үлэг гүрвэлийн гавлын болон хойт хөлний хоёр тавхайны ясыг Бельгийн Вант Улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, доктор Паскаль Годефройт тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ШУА-ын Палеонтологийн төвийн лабораторит боллоо.
Дейнохейрус буюу “Ер бусын аймшигт гар” гэсэн утга бүхий нэртэй уг үлэг гүрвэлийн олдвор нь шинжлэх ухаанд өмнө нь судлагдаж байгаагүй, дэлхийд гайхагдах нэн ховор олдвор бөгөөд 1965 онд Монгол-Польшийн палеонтологийн хамтарсан экспедиц анх урд хоёр сарвууг илрүүлэн ийн нэрлэжээ. Гэвч уг олдворын гавлын яс байхгүйгээс судалгааны ажил эхэлж чадахгүй өдгөө 49 жил болжээ.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ажлаа авсныхаа дараа холбоотой харьяа болон шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр Дейнохейрусын анхны судалгааны багт ажиллаж байсан Р.Барсболд тэргүүтэй эрдэмтэд уг олдворыг эх орондоо авчран судлах хүсэлтэй байгаагаа уламжилж байсан нь энэ өдөр биелэлээ олж, судалгааны энэхүү ховор обьектыг эрдэмтдэд хүлээлгэн өглөө.
Дейнохейрусын гавлын ясыг Франсуа Эскулле анх олж Бельги дахь БШУ музейд хандивласан байсан юм.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өөрийн нэр дээр хүргэгдэн ирсэн хүлээн авсан олдворуудыг Үлэг гүрвэлийн төв музейд албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейгээс олдворуудыг ШУА-ийн Палеонтологийн төвд судалгаа шинжилгээний зориулалтаар түр шилжүүлэх гэрээ байгуулав. Ингэснээр Дейнохейрус нь “Үлэг гүрвэлийн төв музей”-д Т-Батаарын дараа орох үзмэрээр албан ёсоор бүртгэгдлээ.


















