“Эрчим Баян-Өлгий”, “Мандал голомт” компаниудад хариуцлага тооцно
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал энэ сарын 9-ний өдөр хуралдаж, Баян-Өлгий аймгийн "Эрчим Баян-Өлгий” ХК, Говь-Алтай аймгийн "Мандал голомт” ХХК дээр хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал энэ сарын 9-ний өдөр хуралдаж, Баян-Өлгий аймгийн "Эрчим Баян-Өлгий” ХК, Говь-Алтай аймгийн "Мандал голомт” ХХК дээр хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ. Хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Д.Бассайхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав тэргүүтэй удирдлагууд, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, "Эрчим баян-Өлгий”, "Мандал голомт” компанийн төлөөллөөс гадна Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Г.Мөнхцоодол, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Дэд бүтэц хариуцсан газрын дарга Д.Жаргал, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, Говь-Алтай аймгийн засаг даргын орлогч Ж.Ганбат нар оролцсон юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн шалгалтын явцад Баян-Өлгий аймгийн "Эрчим Баян-Өлгий” ХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг мөрдөөгүй, эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүй "Жанат” ХХК-иар Дэлүүн, Улаанхус зэрэг сумдад дулаан түгээх, хангах үйл ажиллагааг хариуцуулсан, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны горим, дүрэм, журам зөрчсөн, санхүүгийн тайлан шаардлага хангахгүй, зөрүүтэй, ажилчдын цалин хөлс салбарын дундаж түвшингээс хэт бага, тодорхойгүй шалтгаанаар зарим хэрэглэгчдээс дулааны төлбөр авдаггүй, хөнгөлдөг зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн Говь-Алтай аймгийн "Мандал голомт” ХХК дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос шалгалт хийхэд шинээр зуух суурилуулах, шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлуудыг зураг төсөл, инженерийн тооцоо, судалгаагүйгээр хийж гүйцэтгэдэг. Хэрэглэгчдэд дулааныг дутуу нийлүүлдэг, мэргэжлийн инженер техникийн ажилтан дутагдалтай, гэмтэл, саатал их гардаг, техник, технологийн горим зөрчсөн гэх мэт зөрчил илэрчээ. Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж байгаа "Мандал голомт” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлж ажиллаагүй нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар дээрх шалгалтын дүнг хэлэлцэж, Баян-Өлгий аймгийн "Эрчим Баян-Өлгий” ХК, "Мандал голомт” ХХК-ийн удирдлагуудаас тодорхой асуулт асууж, тайлбар сонсож, заавар,зөвлөмж өглөө. Шалгалтын явцад дээрх хоёр компани "Эрчим хүчний тухай хууль”, "Барилгын тухай хууль”, "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-уудын тодорхой заалтуудыг зөрчсөн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, шийдвэрийг мөрдөж ажлаагүй тул Эрчим хүчний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулж, "Эрчим Баян-Өлгий” ХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг бууруулж, "Мандал голомт” ХХК-ийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тодорхой хугацаагаар хойшлуулан, шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг 6 сарын дотор арилгах, үр дүнг эргэн мэдээлэх үүрэг даалгавар өгсөн.
Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудад хандан байгууллагынхаа хүний нөөцийн болон техник санхүүгийн бодлогыг тодорхойлж, бизнес төлөвлөгөө гарган ажиллахыг анхааруулаад, цаашид хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.


















