Эрчим хүчний салбар эрдэмтэд, зөвлөх инженерүүдийн саналыг бодлогодоо тусгаж ажиллана
“Эрчим хүчний хөгжлийн бодлогын хэрэгжилт, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт зөвлөгөөн өчигдөр боллоо.
Мэдээллийн алба

“Эрчим хүчний хөгжлийн бодлогын хэрэгжилт, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт зөвлөгөөн өчигдөр боллоо.
Хөрш орнууд эрчим хүчний салбарт ямар бодлого барьж байгаатай уялдуулж хөгжлийн хөтөлбөрөө зуръя. Мөн нүүрсний эх үүсвэрийн балансыг тооцохоос гадна Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын бодлого тогтвортой байхад анхаарал хандуулъя гэх мэт олон санал зөвлөмжийг эрдэмтэн доктор, зөвлөх инженерүүд хэлж байна. Салбарыг толгойлж явсан үе үеийн сайд нараас эхлээд хувийн хэвшлийн удирдлагууд, эрдэмтэн мэргэд оролцсон уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний яамнаас зохион явууллаа.
Монгол Улсын хөгжлийн тулга - эрчим хүчний салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ. Засгийн газрын бодлогод туссан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлбэл зохих вэ гээд олон асуудлыг салбарын эрдэмтэн мэргэд, зөвлөх инженерүүд уулзалт зөвлөгөөнөөр хөндлөө. Хамгийн чухал асуудал нь, хөрш орнуудын эрчим хүчний салбарт барьж буй бодлого, гадна дотны хөрөнгө оруулагчдын сонирхол, системийн бодит төлөв байдал зэргийг тунгааж, зөв голдрилоор ажиллах ёстойг тэд онцолж байгаа юм. Мөн нүүрсний нөөц, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадал, хэрэглээний өсөлт, импортын хараат байдал зэрэг сэдвийг түлхүү ярьж, үүнд мэргэжлийн түвшинд хандах цаг нь болсон гэдгийг хэллээ. Уулзалт зөвлөгөөнд нийт 60 гаруй мэргэжилтэн оролцлоо.
“Эрчим хүчний хөгжлийн бодлогын хэрэгжилт, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт зөвлөгөөн маш үр дүнтэй болсныг салбарынхан онцолж байлаа. Уулзалтад ач холбогдол өгч оролцсон салбарын эрдэмтдийн санаачилгаар зөвлөмж гарч, ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Гарсан санал зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
Р.Сэргэлэн


















