“Эрчим” клуб “Супер цом”-ыг зургаа дахь жилдээ дараалан өргөв
Тоглолт эхлэхийн өмнө “Эрчим”-ийн Япон легионер Ишино Шута 2016 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаагаар тодруулсан “Бэлэгдлийн 11”-т багтсан шагналаа гардсан юм.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн талбайд өчигдөр “Эрчим”, “Хангарьд” клубийн өрсөлдөөн боллоо.
Тоглолт эхлэхийн өмнө “Эрчим”-ийн Япон легионер Ишино Шута 2016 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаагаар тодруулсан “Бэлэгдлийн 11”-т багтсан шагналаа гардсан юм.
Үндсэн цагийн 24 дэх минутад “Эрчим” клуб хаалга чиглэсэн гурван аюултай цохилт гүйцэтгэхэд “Хангарьд”-ын хаалгач Б.Сэр-Од бүгдийг нь хааж булангийн цохилт болгов. Гэсэн ч булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Б.Даваажав мөргөж, тооны харьцааг нээснээр эхний хагас “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аваргуудын ялалтаар өндөрлөлөө. Эхний гоолын эзэн Б.Даваажав 63 дахь минутад хүчтэй цохилтоор тоог 2:0 болгосон бол удаах гоолыг Ишино Шута өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэлээ.
“Хангарьд” клубээс Ц.Мөнх-Эрдэнэ 69’ минутад торгуулийн цохилтоос гоол оруулж тоог 3:1 болгосон ч түүнийх нэр төрийн гоол болон хувирсан юм.
Тодруулбал үндэсний лигийн аварга “Эрчим” клубийн М.Төгөлдөр 82, Г.Батдэлгэрэх 90+3 дахь минутад гоол оруулснаар баг нь 5:1-ээр хожлоо.
Ийнхүү “Эрчим” клуб 2011 оноос эхлэн зохиогдож буй “Супер цом”-ыг зургаа дахь жилдээ дараалан өргөв.


















