Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн (Korea Institute for International Economic Policy-KIEP) бүс нутгийн чиглэлээр судалгаа хийдэг дотоодын 12 нийгэмлэг, холбоодтой хамтран арваннэгдүгээр сарын 25-нд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцов
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн (Korea Institute for International Economic Policy-KIEP) бүс нутгийн чиглэлээр судалгаа хийдэг дотоодын 12 нийгэмлэг, холбоодтой хамтран арваннэгдүгээр сарын 25-нд эрдэм шинжилгээний бага хурал (2014 KIEP and Associations of Area Studies Conference-KAAS) зохион байгуулав.

Тус хуралд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд оролцож, Евроазийн чиглэлд бүс нутгийн орнуудаас дэвшүүлсэн эдийн засгийн интеграцийн санал санаачилгууд, тэдгээрт Монгол Улсын оролцох боломж, энэ талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар илтгэл тавив.

Хуралд БНСУ-ын Үндэсний Ассемблейн гишүүн Ли Ин Ёнг, Гадаад хэргийн дэд Чо Тэ Ел, ОХУ-ын Элчин сайд К.В.Внуков болон Бразил, Туркийн Элчин сайд нар, Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн захирал Ли Ил Хонг, тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавив.

Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Евроазийн эдийн засгийн интеграцчлалын чиглэлд Хятад, БНСУ-ын дэвшүүлсэн Торгоны зам нэртэй санаачилгууд, ОХУ-ын Евроазийн холбоо зэрэг санал санаачилгууд нь юуны түрүүнд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг онцолж байгаагаараа ижил төстэй болохыг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын байгалийн болон эрдсийн арвин их нөөц баялаг, бүс нутгийн орнуудыг холбох стратегийн чухал байршил болон төмөр замын шинэ шугам барих болон хөрш орнуудтайгаа дамжин өнгөрөх тээврийн нөхцлийг сайжруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь бүс нутгийн эрчим хүч, худалдаа, ялангуяа дэд бүтцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд мөн Евроазийн болон Зүүн Хойд Ази дахь эдийн засгийн интерацчлалд том жижиг бүхий л оролцогч хамрагдах нь хамтын ажиллагааг илүү найдвартай, хэрэгжих боломжийг бодитой болгоно гээд өнөөгийн тогтвортой хөгжлийн болон байгаль орчныг цогцоор нь хамгаалах бодлого ч үүнийг шаардаж байна гэв.

БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн нь олон улсын эдийн засгийн бодлогын судалгааг явуулдаг тус улсын үндсэн байгууллага бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээлч эрдэм шинжилгээний судалгааг хийж улсынхаа эдийн засгийг хүчирхэгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулах үндсэн зорилготой ажээ. Тус хүрээлэн бүс нутаг, орон судлалын холбоодын чуулга уулзалтыг энэ оноос эхлэн жил бүр зохион байгуулахаар болж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт бүс нутгийн чиглэлээр 2 өдөр хуралдаж, нийт 50 гаруй илтгэлийг хэлэлцүүлж байна.

Хуваалцах