Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэмтэд жагсаал зохион байгуулахаа анхаарууллаа

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д “Шинжлэх ухаан сүйрэх үү” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Эрдэмтэд жагсаал зохион байгуулахаа анхаарууллаа
Эрдэмтэд жагсаал зохион байгуулахаа анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д “Шинжлэх ухаан сүйрэх үү” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Чингисийн одонт, академич Х.Намсрай, академич Ц.Оюунсүрэн, академич Л.Болд, Шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны дарга П.Баяр, доктор Т.Баясгалан нарын эрдэмтэд оролцов.

Тэд хэвлэл мэдээлэлд ийнхүү хандах болсон шалтгаан нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн шинжлэх ухааны салбарт хийх өөрчлөлтийн талаар илэрхийлсэн байр суурьтай холбоотой аж.

Эрдэмтэд “Ерөнхий сайдын хэлсэн үг амьдрал дээр хэрэгжвэл Монголын шинжлэх ухааны салбар хүнд байдалд орно. Монголын шинжлэх ухаан улсын эдийн засгийн хямралыг бий болгоогүй. Хэдэн хүрээлэнг нийлүүлэх, харьяаллыг нь өөрчлөх замаар эдийн засгийн уналтыг зогсоохгүй нь тодорхой. Шинжлэх ухааныг хөнөөлгөхгүйн төлөө шинжлэх ухааны салбарт ажиллагсад тэмцлийн бүх арга хэрэгслийг ашиглах болно” гэв.

Улмаар ШУА-ийн дэргэд байгуулагдсан “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт доорх мэдэгдлийг хүргүүлж байгаагаа илэрхийлээд энэ сарын 30-ны өдөр ШУ-ны салбарт ажилладаг алба хаагчид жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Шаардах бичигт:

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танаа

Энэ оны 12 дугаар сарын 19-ний өдөр таны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийн тань Шинжлэх ухаанд хамааралтай хэсэгт буй “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэсэн өгүүлбэртэй бид огтоос санал нийлэхгүй байна.

Нэгдүгээрт, Монголд тоо томшгүй олон хүрээлэн байхгүй. Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор эрдэм шинжилгээний байгууллагуудыг цөөлсөн бөгөөд одоо идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчийн 40 орчим хүрээлэн бий.

Хоёрдугаарт, Таны үгэнд дурдсан хүрээлэнгүүд нь одоо ч ШУТИС-ийн харьяанд байдаг ба удирдлагыг нь ШУТИС-ийн захирал томилдог. Өөрийнх нь юмыг өөрт нь өгнө гэдэг нь юу гэсэн үг юм бол?

Гуравдугаарт, Засгийн Газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дотор улсын төсвийн нэг ч байгууллага байхгүй гэдгийг холбогдох дарга нар нь танд хэлээгүй юм болов уу. Тэд бүгдээрээ улсын захиалгаар зарласан төсөлд уралдаад, шалгарсан нь санхүүжилт авч, судалгаа шинжилгээ хийдэг. ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн дийлэнх нь гадаад хамтын ажиллагаанаасаа нэлээд хөрөнгө босгож үндсэн ажилдаа зарцуулдаг.

Шинжлэх ухааны салбарын хүрээлэн төвүүдийг их дээд сургуулиудад харъяалуулахдаа эхлээд хууль эрх зүй, санхүү, эрх үүргийн хуваарилалт зэрэг асуудлыг зөв шийдэж бэлтгэсний дараа хийхгүй бол орчин цагийн 90 гаруй жилийн түүхтэй Монголын шинжлэх ухааны салбарын чадамж доройтох, устаж үгүй болох аюултай. Дахин босгох нь хэдэн арван жил үргэлжилж мэднэ.

Хүрээлэн төвүүдийг их дээд сургуулийн харъяалалд шилжүүлэх нь олон сөрөг үр дагавартай. Тухайлбал:

1.Эрдэм судлалын ажлын үндсэн чиг үүрэг алдагдана. Их дээд сургуулиудад хүрээлэн төвүүдийг харъяалуулж байсан практик бий. Тухайлбал Эдийн засгийн хүрээлэн, Математикийн хүрээлэн, Хууль зүйн секторыг их сургуульд нэгтгэсэн ч өнөөдөр тэр байгууллагууд үүд хаалгаа барьсан байна.

2.Статус, санхүүжилт, орон тооны асуудал тодорхой бус учир шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн эрх ашиг ноцтой зөрчигдөж ажилгүйдэл үүсэн амьдралын баталгаа үгүй болно.

3.Одоогоор их дээд сургуулиуд шинэчлэл өөрчлөлт нь дөнгөж эхлэлийн шатандаа явж эмх цэгцэндээ ороогүй, шинэчлэлтийн үр дүн гараагүй, судалгааны болох цаг болоогүй байна.

“Өнгөц харахад цалин хөлс, зарим урсгал зардлын хэмнэлт гарч байгаа юм шиг харагдаж болох боловч 60 орчим орон тоог цомхотгож, 600 сая төгрөгийг хэмнэнэ гэсэн тооцоо Сангийн яам гаргаад байгаа сурагтай, энэ нь хямралыг намжаах их мөнгө мөн үү? Улс орон хямралтай ийм ээдрээтэй цаг үед хүрээлэнгүүдийг их сургуульд яаран сандран нэгтгэх нь эртэднэ.

Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглахаа хариуцлагатай мэдэгдэж байна” гэжээ.

Хуваалцах