Эрдэмтэн, судлаачид жагсаал хийв
Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж өнөөдөр ШУА, судалгааны байгууллагуудын төлөөлөл Чингисийн талбайд жагсаал хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ хэмээсэн. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг эсэргүүцэж өнөөдөр ШУА, судалгааны байгууллагуудын төлөөлөл Чингисийн талбайд жагсаал хийлээ. Эрдэмтэн, судлаачид “Шинжлэх ухаанаа аваръя”, “Шинжлэх ухааны ажилчид бид өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр ардчилал шинэчлэлийг эх орондоо эхлүүлсэн. Аливаа хувьсгал төрүүлсэн эцгээ залгидаг гэдэг шиг манай ардчилсан хувьсгалын төрүүлсэн хүүхдүүд шинжлэх ухаанаа залгиж устгахаар сэтгэл шулуудсан нь нэн харамсалтай”, “Шинжлэх ухаан эдийн засгийг хямралд хүргээгүй” гэх үгсийг хэлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсагчид "Дэвшилт үү, ухралт уу", "Эрдэмтдээ золиослодог эрх баригчид байх ёсгүй", "Эдийн засгийн хямралд хүргэсэн эрх баригчдын золиос нь эрдэмтэд болох ёсгүй" зэрэг бичиг барьсан байлаа. Эрдэмтэд Ерөнхий сайд болон БСШУ-ны сайд Л.Гантөмөр нарыг Шинжлэх Ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай өөрийн биеэр ирж танилцахыг шаардсан юм.


















