Эрхэм уншигч, хамтрагч, дэмжигч та бүхэндээ баярлалаа
Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn сайт гурван нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд бид цахим мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн.
Мэдээллийн алба

Эрхэм уншигч, хамтрагч, дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn сайт гурван нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд бид цахим мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн. Мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай хүргэсээр ирсэн манай хамт олон дотоодын болон дэлхий дахинаа болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй уншигч танаа өргөн барихыг хичээн ажиллаж байна. Цаашид ч энэ чиг баримжаа, олон нийтийн эрх ашгийг үл умартан ажиллах болно.
Мэдээллийн эрэн зуунд амьдарч буй эрхэм хүмүүн таныг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад сайтуудын гүйцэтгэх үүрэг их. MNB.mn сайтаас та Монголын Үндэсний Олон нийтийн Радиогийн нэвтрүүлгүүдээс сонсч, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн нэвтрүүлгүүд, “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгүүд, манай сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг унших боломжтой юм.
2013 оны есдүгээр сарын 25-нд сайтынхаа албан ёсны нээлтийг хийж, анхны шангаа татаж байсан манай хамт олон өнөөдөр өөрийн гэсэн уншигчдын хүрээлэлтэй болсны зэрэгцээ мэдээ, мэдээллийн хамтран ажилладаг байгууллагуудын тоо нэмэгдсээр байна.
Гурван жилийн хугацаанд бидэнтэй хамт байж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, санал бодлоо харамгүй хуваалцсан уншигчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлээд гурван жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Цаашдын хамтын ажиллагаа маань улам цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөе.
MNB.mn сайтын хамт олон бидэнд урам зориг өгч, басхүү зоригтой шүүмжилдэг нийт уншигч, хамтрагч, дэмжигч та бүхэндээ баярлалаа.
MNB.mn сайтын редакци
2016.09.25


















