Эрсдлийн удирдлагын 7 дахь удаагийн чуулга уулзалт болно
Чуулга уулзалт нийгэмд болон бизнест тулгарч болзошгүй эрсдэлүүдийн талаар мэдээлэл солилцох, түүнээс сэргийлэх боломжууд, хохирол багатай даван туулах нөөц бололцооны талаар ярилцаж, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, тодорхой шийдлүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр "Мандал Женерал" даатгал, "Голомт банк" хамтран Эрсдлийн удирдлагын долоо дахь удаагийн чуулга уулзалтыг энэ сарын 9-ний өдөр "Туушин" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалт нийгэмд болон бизнест тулгарч болзошгүй эрсдлүүдийн талаар мэдээлэл солилцох, түүнээс сэргийлэх боломжууд, хохирол багатай даван туулах нөөц бололцооны талаар ярилцаж, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, тодорхой шийдлүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой аж.
Олон улсын нэр хүндтэй давхар даатгалын зуучлагч компани "Willis Towers Watson" Эрсдэлийн удирдлагын олон улсын стандарт дэд бүтцийн төслүүд дээр хэрхэн хэрэгждэг тухай илтгэл тавьж хамтран ажиллаж буйгаараа энэ удаагийн чуулга уулзалт онцлогтой аж. Мөн "Мандал Женерал" даатгалын мэргэжилтнүүд Монгол Улсын эрсдлийн индексийг тооцсоноо танилцуулах юм байна.
Чуулга уулзалт 2017 оны макро эдийн засгийн төлөв байдал, эрсдлүүдийг бизнесийн төлөвлөлтөд тусгах нь, бизнес орчны эрсдэлийн удирдлага гэсэн үндсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.


















