Эртний түүхт Гринвилл хот гал түймэрт бүрэн автжээ
Гурван долоо хоногийн турш үргэлжилж буй ой хээрийн түймэрт АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт орших 150 орчим жилийн түүхтэй Гринвилл хот бүрэн автаж, үнс нурам болсон байна.
Мэдээллийн алба

Гурван долоо хоногийн турш үргэлжилж буй ой хээрийн түймэрт АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт орших 150 орчим жилийн түүхтэй Гринвилл хот бүрэн автаж, үнс нурам болсон байна.
Энэ талаар тус хотын захиргаанаас өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Түймэр манай хотын төвийг тэр чигээр шатаалаа. Бидний түүхт барилга байгууламж, орон гэр, жижиг бизнесүүд, мөн хүүхдүүдийн сургууль бүгд байхгүй боллоо” хэмээн нийтэлжээ.
Орон нутгийн цагдаагийн байгууллага 100 гаруй айл орон гэргүй болсон талаар мэдээлсэн байна. Өнгөрсөн лхагва гарагт түймэр ойртож байгаа талаар тосгоны 800 гаруй оршин суугчдад “Түймэрт автах аюул тун ойрхон байгаа тул яаралтай аюулгүй газар луу явна уу” хэмээн анхааруулсан байна.
Долоодугаар сарын 14-нөөс эхэлсэн энэхүү түймэр нийт 1305 км квадрат газрыг эзлээд байгаа аж.





































