Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд А.Отаг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён А.Отаг хүлээн авч уулзахдаа яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанд талархал илэрхийлж, Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд А.Отаг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд А.Отаг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд А.Ота манай улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Зам тээвэр болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён А.Отаг хүлээн авч уулзахдаа яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанд талархал илэрхийлж, Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэлээ.

Монгол, Япон хоёр орны харилцаанд харилцан итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд өнгөрсөн онд хоёр орны Ерөнхий сайд нар харилцан айлчилсан нь харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон, айлчлалын үеэр байгуулсан Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр нь манай хоёр орны улс төр, соёл боловсрол, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой баримт бичиг болохыг тэрбээр онцлолоо.

Мөн Монгол Улс ирэх оны гуравдугаар сард ХБНГУ-д болох “ITB-Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцоно. Монгол Улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн, жуулчдын тоог нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд дэд бүтцийн асуудалд анхаарч ажиллаж байна гээд аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд А.Ота энэ уулзалтын үеэр Монгол орны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах