Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгаа идэвхжүүлэх 100 хоногийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас санаачлан өргөн мэдүүлсэн энэ төлөвлөгөөг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталж, хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон юм.
“Төлөвлөгөөнд тусгасан бүх ажлыг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд эдийн засагт мэдэгдэхүйц үр дүн гарна” гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Гадаад валютын урсгалыг сайжруулах, төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих, хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлэх, жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих сангуудын эх үүсвэрийг нэмэх, бизнесийн үйл ажиллагааны зардал өсгөдөг нөлөөллүүдийг саармагжуулах зэрэг бодлогын дорвитой алхмууд хийнэ.
Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээх, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх талаар хуулийн төслүүд боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийж УИХ-д танилцуулна. Төрийн өмчийн удирдлагын талаар ч томоохон өөрчлөлт эхлүүлнэ. Энэ өөрчлөлт нь төрийн өмчийг эзэнжүүлэх, үр ашигтай ажиллуулахад чиглэнэ гэж Ерөнхий сайд танилцууллаа.


















