Ерөнхий сайд Н.Учрал Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикэд бараалхлаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Диктэй есдүгээр сарын 22-нд уулзаж, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Австралийг Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Номхон далайн бүс нутаг дахь ойр түншүүдийн нэг хэмээн онцолж, уул уурхай, эрдэс баялгийн салбар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр “Оюутолгой” төслийн өгөөжийг Монгол Улсад нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, дотоодын ханган нийлүүлэгчдийн оролцоог өргөжүүлэх, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, Монгол Улсаас Австралид нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг өсгөх асуудлыг хөндсөн байна. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хүнд суртлыг бууруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд танилцуулжээ.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт Австралийн туршлагыг ашиглах, ялангуяа дээврийн нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалт, аюулгүй байдал, чанарын баталгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх тогтолцоонд хамтран ажиллах санал тавьсан байна.
Албан мэдээллээр 2025 онд Монгол, Австралийн худалдааны эргэлт 66.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд Австралид 28 мянга орчим Монгол Улсын иргэн амьдарч байна. Ерөнхий сайд Австралид суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл болон төгсөлтийн дараах ажиллах боломжийг илүү таатай болгоход анхаарахыг хүсжээ.
Талууд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал солилцсон байна.


















