Ерөнхийлөгч Трамп Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ хэмээн сүрдүүлжээ
Сирийн хойд нутагт цэргийн томоохон ажиллагаа явуулахад бэлэн болсноо Туркийн Ерөнхийлөгч мэдэгдсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж эхэллээ.
Мэдээллийн алба

Сирийн хойд нутагт цэргийн томоохон ажиллагаа явуулахад бэлэн болсноо Туркийн Ерөнхийлөгч мэдэгдсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Сирид цэргийн ажиллагаа явуулбал Туркийн эдийн засгийг сүйрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр, "Турк улс ийм алхам хийвэл бид эдийн засагт нь хүчтэй цохилт өгөх болно. Цэргийн ажиллагаа явуулах гээд байгаа газар нутаг нь маш бага. Тэнд манай 50 цэргийн албан хаагч л байрлаж байгаа. Тэднийг гэмтэж шархдаж, эсвэл амь насаа алдаасай гэж хүсэхгүй байна. би үүнийг Ерөнхийлөгч Тайипт хэлсэн. Тэднийг хорлож болохгүй шүү гэж. Тэгвэл томоохон асуудалтай тулах болно" гэжээ.
Үүнээс болж Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш унаад байна. Тодруулбал Ерөнхийлөгч Трампын мэдэгдлийн дараа лирийн ам.доллартай харьцах ханш 2,31 хувиар унажээ. Үүний зэрэгцээ Конгрессын дээд танхимын зарим гишүүн Турк улс Сирид бие даан цэргийн ажиллагаа явуулж эхэлбэл тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн.
Сенатын гишүүд болох ЛиндсиГрэм, Крис Ван Холлен нар ийм хууль санаачлахаа илэрхийлжээ. Харин 2 намын гэж тэдний тодорхойлж байгаа хуулийн төсөлдөө Туркийн Умард Атлантын эвсэл дэх гишүүнчлэлийг хүчингүй болгох санал оруулахаар төлөвлөж байгаа аж. Ийнхүү Америкийн эрх баригчид Исламын улс Халифатыг түлхэн унагахад Вашингтонд дэмжлэг үзүүлсэн Курдын хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж байгаа юм.


















