Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын уулзалтад оролцож байна
Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж буй Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Мэдээллийн алба

Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж буй Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Дээд түвшний уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Зүүн Хойд, Өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчийн хувьд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Х.Ван Ромпиу, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Бароззо, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ф.Моргерини болон Малайзын Ерөнхий сайд М.Нажиб Абдул нартай тусгайлан хамтдаа уулзаж энэ удаагийн Дээд түвшний уулзалтын зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.
Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Дээд түвшний аравдугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд үг хэлэв. Түүнчлэн тэрээр “Дэлхий дахины асуудал дахь Ази-Европын хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олланд, ХБНГУ-ын Канцлер А.Меркел нартай хоёр талын уулзалт хийж Монгол-Франц, Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаа, олон улс болон бүс нутгийн асуудал болон АСЕМ-ын цаашдын ирээдүйн талаар санал солилцов.
АСЕМ буюу Ази-Европын уулзалт нь хоёр бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг бөгөөд Ази, Европын 53 улс, байгууллагууд гишүүн нь юм.
Энэ удаагийн Дээд түвшний уулзалт “Тогтвортой хөгжил, аюулгүй байдлын төлөөх хариуцлагатай хамтын ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсаас БНИталиУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар зэрэг албаны хүмүүс дагалдан оролцож байна.


















