Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Судан дахь энхийг сахиулагчидтай утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд нурууны мэс засал хийлгэн илааршаад эх орондоо ирээд байгаа билээ. Төрийн тэргүүн эргэж ирмэгц үүрэгт ажилдаа орж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Бүгд Найрамдах өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Судан дахь энхийг сахиулагчидтай утсаар ярилаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Судан дахь энхийг сахиулагчидтай утсаар ярилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд нурууны мэс засал хийлгэн илааршаад эх орондоо ирээд байгаа билээ. Төрийн тэргүүн эргэж ирмэгц үүрэгт ажилдаа орж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Бүгд Найрамдах өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний III ээлжийн цэргийн багийн захирагч хурандаа Б.Эрдэнэбаттай өчигдөр утсаар холбоо барин тухайн газар оронд үүссэн цагийн байдал, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн талаарх илтгэлийг сонсов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж цагийн байдлын хүнд нөхцөлд үүргээ чадамгай гүйцэтгэж, 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт халдлагад өртсөний улмаас шархадсан ОХУ, Украйн, Кени, Өмнөд Суданы 10 иргэний амь насыг аюултай байдлаас аварч, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, аюулгүй газарт татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэж, цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ. Мөн цэргийн багийн захирагчийн илтгэлийг дэлгэрэнгүй сонсч, тодорхой чиглэлээр үүрэг өгөв.

Цэргийн багийн хариуцсан бүсд омог хоорондын зөрчил хурцдаж, энгийн номхон иргэд аюулаас зугтан орон гэрээсээ олноор дайжиж, хоол хүнсээр гачигдаж, НҮБ-ын тусламж дэмжлэгийг хайн Монгол цэргийн хамгаалалтад ирэх болсон байна. Энэ нь цэргийн багийн бүрэлдэхүүнээс улам өндөр сонор сэрэмж, сахилга зохион байгуулалттай байхыг шаардаж буйг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцлож, мандатаар олгосон эрх мэдлийнхээ хүрээнд үндэсний болон НҮБ-ын хүчний командлалтай нягт хамтран ажиллаж цагийн байдлын талаар шуурхай мэдээлж байхыг чиглэл болгожээ. Түүнчлэн цэргийн багийн зэвсэглэл техник, тоног төхөөрөмжийг байнга арчлан хамгаалж, цагийн байдлын ямар ч тохиолдолд ашиглахад бэлэн байлгахыг анхааруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж аливаа үүрэг гүйцэтгэхэд болзошгүй эрсдэлийг байнга тооцон ажиллаж байхын чухлыг онцлож, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа цэрэг дайчиддаа Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж амжилт хүсэв.

Цагийн байдлыг онцлоход, Өмнөд Судан улсад өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сараас хойш омог хоорондын мөргөлдөөн үүсч, дотоодын зөрчил тэмцэл, хүчирхийллийн улмаас иргэд олноороо амь үрэгдэж, орон гэрээсээ дүрвэж байгаа юм. Энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний III ээлжийн цэргийн баг НҮБ-ын мандатад заагдсан үүргийнхээ дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж, өөрийн хариуцлагын бүс дэх цэргийн бааздаа 20 гаруй мянган нутгийн иргэдийг байрлуулан, хамгаалалтдаа аваад байгаа билээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад энэ асуудал дээр байнга анхаарал тавьж, цэргийн бие бүрэлдэхүүнээс ирж буй санал, асуудлыг цаг хугацаанд нь шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгосон байна.

Хуваалцах