Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьж магадгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дөнгөж сая Ерөнхийдөгч Ц.Элбэгдорж өөрийн байр суурийг илэрхийллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж баталсан билээ. Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дөнгөж сая Ерөнхийдөгч Ц.Элбэгдорж өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өөрийн олон нийтийн цахим хуудсанд “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.
Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид - УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” хэмээн бичжээ.
Харин Ерөнхийлөгчийн энэхүү бодлыг уншсан хүмүүс эхнээсээ түүнийг Өршөөлийн хуульд хориг тавьж магадгүй хэмээн ярьж эхэллээ.


















