Ерөнхийлөгчийн боловсруулсан Авлигатай тэмцэх хөтөлбөрийг өргөн барилаа
Мөн тэрбээр, тус төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын Авлигын эсрэг хууль, 48 улсын Авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсаны зэрэгцээ, хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан гэлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санаачлан боловсруулжээ.
Түүний боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй, үндсэн 12 чиглэлтэй байхаар тусгасан болохыг УИХ-ын даргад танилцуулав. Мөн тэрбээр, тус төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын Авлигын эсрэг хууль, 48 улсын Авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсаны зэрэгцээ, хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан гэлээ.


















