Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болно
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн энэ сарын 16, 17-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн энэ сарын 16, 17-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед дээрх тэмцээнийг 9 дэх удаагаа зохион байгуулж явуулахад бэлэн болоод байгаа аж. Тэмцээний Ерөнхий шүүгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамирын тасгийн дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажиллаж байгаа юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие бүрэлдэхүүний бие бялдрыг бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний бэлтгэл ажлын талаар хурандаа Д.Цог-Эрдэнээс тодруулахад “Энэ жилийн тэмцээнд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баг тамирчид оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Гэсэн ч 20 орчим жил уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнээ бид таслах эрхгүй учир энэ жил анх удаа Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалуудын дунд зохион байгуулан явуулах гэж байна. Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах томоохон ажлын нэг нь энэ тэмцээн. Энэ жилийн гол онцлог нь төрлийн цэргийн командлалуудын ротууд оролцох ба давшилтын гранат шидэх, объект тэслэх зэрэг шинэ төрлүүдийг нэмж, алба хаагчдаас цэргийн бэлтгэл сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг нь сорино.
Баг тамирчид хүчтэй, өрсөлдөөн ширүүн байгаа нь бэлтгэлийн явцад тун тодорхой харагдаж байна. Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм. Байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх нь эх орноо батлан хамгаалах үүргээ мадаггүй биелүүлэхийн үндсийн үндэс нь юм” гэлээ.
Эх сурвалж: ЗХЖШ


















