Ерөнхийлөгчийн санаачилсан “шинэчлэлийг” АН дэмжихгүй байна
Ерөнхийлөгчийн санаачилсан шинэчлэлийг АН дэмжихгүй байна. Ингэж үзэх хэд хэдэн тодорхой шалтгаан бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “том төрөөс ухаалаг төр рүү” гэх санаачилгыг дэвшүүлж, үүнийхээ хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ хуулиудыг батлах замаар одоо байгаа да
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчийн санаачилсан шинэчлэлийг АН дэмжихгүй байна. Ингэж үзэх хэд хэдэн тодорхой шалтгаан бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “том төрөөс ухаалаг төр рүү” гэх санаачилгыг дэвшүүлж, үүнийхээ хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ хуулиудыг батлах замаар одоо байгаа данхар бүтэц, хүнд сурталтай төрийг цомхон, ухаалаг, чадварлаг төр болгох шаардлагатай гэж үзэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хуулийн баг “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсны нэг хэсэг нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Эдгээр хуулийн төслийг өнгөрсөн сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн боловч гишүүдийн 39 буюу 52,7 нь эсрэг санал өгснөөр батлагдаагүй үлдсэн. Хуулийн гол заалт нь Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүний үүргийг давхар хашихгүй Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсон бол давхар Засгийн газрын сайдын албыг хашихгүй байх ёстой гэсэн гол утгатай хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүдийн дийлэнх нь АН-ын гишүүд, тэр дунд Ерөнхий сайд ч багтаж буй юм. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын гишүүдээс өдгөө 15 нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж буй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нийт 16 яамтай болж, түүнийг удирдаж буй сайд нараас нэгийг нь эс тооцвол бусад нь “давхар дээлтэй” яваа болохоор арга ч үгүй биз.
Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьсан байх юм. Өөрийнх нь санаачилсан шинэчлэлийн ажлыг эрс үгүйсгэсэн уг томилгоонд Ерөнхийлөгч татгалзсан хариу өгсөн. Гэтэл мөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар мөн л Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр болж, тогтоолыг төслийг УИХ-д өргөн барих тухай ярьж эхэллээ. Хоёр албан тушаал давхар хашихаас татгалзаж суудлаа өгсөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгын оронд Их хурлын гаднаас бус УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилохоор нэрийг нь оруулж ирсэнд гайхах хүн олон байна. Ерөнхийлөгчийн санаачилгаас тэс эсрэг томилгоо хийхээр болж өөрт нь хүсэлт тавьсан сонголтын цаана мэргэжил туршлага байв уу гэвэл үгүй.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж нь 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдохоосоо өмнө Батлан хамгаалахын сайд байсан гээд хөдөө аж ахуйн салбарын мэдлэг туршлага үнэндээ байхгүй.
Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох гэсэн энэ үйлдэл нь нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн “том төрөөс ухаалаг төр рүү” гэх санаачилгыг АН-ын зүгээс ерөөс дэмжихгүй байна. Хоёрдугаарт, АН боловсон хүчний нөөцгүй болжээ гэх дүгнэлтэд хүргэж буй юм.
www.secret.mn Х.Ариунтуяа


















