“Эрүүл байхын үндэс” сэдэвт цуврал уулзалт болов
Монгол улсын хүн амын дийлэнхи нь залуучууд хүүхдүүд байдаг. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд амьдарч суралцахад туслах нь иргэн бүрийн үүрэг. Тиймээс МАХН-ын Ардчилал, шудрага ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан сургуулийн сурагчдад эрүүл ахуйн энгийн мэдлэг олгох, тэднийг хурц шар өвчин
Мэдээллийн алба

Монгол улсын хүн амын дийлэнхи нь залуучууд хүүхдүүд байдаг. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд амьдарч суралцахад туслах нь иргэн бүрийн үүрэг. Тиймээс МАХН-ын Ардчилал, шудрага ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан сургуулийн сурагчдад эрүүл ахуйн энгийн мэдлэг олгох, тэднийг хурц шар өвчин болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхэд туслах зорилго бүхий “Эрүүл байхын үндэс” сэдэвт цуврал уулзалт ярилцлага зохион байгуулж байна. Цуврал уулзалт ярилцлагыг Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулиас эхэлжээ.
Тус сургуулийн 250 гаруй хүүхдүүдэд “Эрүүл байхын үндэс” цуврал арга хэмжээний нэг хэсэг болох “Цэвэр гар- халдваргүйжилт” сэдэвтэй уулзалт ярилцлага хийж, халдваргүйжилтийн талаар мэдээлэл өгч, бодит байдлаар гар угаах аргачлалыг үзүүлэн таниулсан байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 гаруй хувь нь гэрийн хороололд амьдардаг. Тоосжилт ихтэй, айл өрхүүд бохир усаа шууд гудамжинд асгадаг, хог хаягдал, үнсээ ил задгай асгадаг зэрэг нөхцөл байдал нь хүүхэд багчууд халдварт өвчинд өртөх эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг байна. Үүнээс хамгаалах ганц арга бол гарын ариун цэвэр.
Тиймээс энэ удаагийн сургалт Улаанбаатар хотын захын хороололд болсон нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ болжээ. Нөгөөтэйгүүр бага насныхан гараа хэрхэн зөв угааж, ариутгах талаар мэдлэг дутмаг байгаа нь сургалтаас харагдаж байсан учраас цаашид энэ талын сургалт, уулзалтыг илүү өргөн хүрээнд хийж байх шаардлага тулгарч байгаа талаар Ардчилал, Шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн хэлж байв.
Цаашид МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос цуврал уулзалт ярилцлагыг Халдварт шар өвчин гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх сэдвээр бусад дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хийхээр төлөвлөсөн байна. Мөн тус холбооноос оюутнуудын дунд нөхөн үржихүйн эрүүл мэнд, жирэмсэлтээс хамгаалах арга хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцож уулзалт ярилцлага хийхээр төлөвлөжээ.
Энэхүү нийгэмд чиглэсэн эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсролын асуудлаар тодорхой ажлууд хийж байгаагийн нэг нь “Эрүүл байхын үндэс” арга хэмжээ боллоо.


















