"Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээг зохион байгуулав
50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.
Мэдээллийн алба

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.
Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл дөнгөж 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн өөрөө эрүүл байх эсэхээ шийдвэрлэж чадахыг харуулж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачилгыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, Эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО” арга хэмжээг өрнүүлж байна.
Монгол Улсын хүн амын дунд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралт байна. Тухайлбал, гурван хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, таван хүний нэг нь гэмтэл, хордлого, гадны шалтгааны улмаас, 3500 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Мөн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай, дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байгаа бол насанд хүрэгсдийн 27.1 хувь нь тамхи татдаг, 36.3 хувь нь архи хэрэглэдэг, 10.3 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь халдварт бус өвчний тохиолдол, нас баралтыг нэмэгдүүлж байна.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний “Эрүүл чийрэг-Монгол хүн” хөтөлбөр, Засгийн газрын 2014 оны “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”, 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Иргэний эрүүл мэндийн чуулга уулзалтаас гаргасан “Иргэний эрүүл мэндийн тунхаг”, Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд бид Иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор Иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО арга хэмжээг Орхон аймагт Амарын талбайд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Заавал хэвшүүлэх 21 дадлыг олгох Төвийн бүсийн сургагч багш бэлтгэх сургалтад оролцож буй Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн эмч мэргэжилтнүүд оролцов.


















