Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн Францын эх баригч нарын ажилтай танилцав
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөгч Франц улсын эх баригч нарын ажил мэргэжил, сургалт, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, эрх зүйн орчинтой танилцах айлчлал хийлээ.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх" төслийн хүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо, эх баригчийг бэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг есдүгээр сарын 24-өөс аравдугаар сарын 03-ны хооронд зохион байгууллаа. Танилцах аяллыг ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Д. Оюунчимэг ахалж, ЭМХТ, ЭХЭМҮТ, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудын эх барих- эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн багш нар, МЭБЭЭНН, МЭББЭНН-ийн удирдах зөвлөлийн гишүүд, НҮБ-ын ХАС, Архангай аймгийн ЭМГ-ын төлөөлөл оролцсон байна.
Томилолтын явцад тус улсын ЭМЯ-ны бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, Олон улсын эх баригчдын нийгэмлэг, Эх баригчийн үндэсний зөвлөл, Эх баригчдын үйлдвэрчний эвлэл, Санофи Эспуар сан, Франш-Контэ мужийн Бэзансон хотын Эх баригчийн сургууль, Их сургуулийн эмнэлэг, Бэлфор, Монбэлиар хотуудын амаржих газрууд, перинаталь тусламж, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, хувийн болон улсын эмнэлэгт ажиллаж буй эх баригчдын ажлын уялдаа, эх барих- эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч нартай болон хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцжээ.
Франц улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар дамжуулан 100 хувь төрөөс санхүүжүүлдэг бөгөөд хувиараа ажиллаж буй эх баригч нар ч мөн хамтын ажиллагааны гэрээгээр тодорхой заасан жишгийн дагуу санхүүжилтээ авдаг байна.
Эх баригч мэргэжлээр суралцагсад нийт 5 жил суралцан бакалавр зэрэгтэй төгсдөг ба 2 дахь жилээсээ эмнэлгүүдэд дадлага хийж эхэлснээр төгсөхдөө 80-120 эхийг төрүүлсэн байх шаардлагатай байдаг ажээ.
Эх баригч нарын ажил үүргийн нэг чухал хэсэг ньбүх насны эмэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, хэвийн төрөлтийг удирдах, зөвшөөрөгдсөн эмчилгээ бичиж, хэрэглэх, жирэмслэхээс хамгаалах ерөндөг, суулгацыг тавих, авах зэрэг ажлуудыг хийдэг байна.


















