“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд туршлага судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жил бүр бүрэн хамруулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.
Энэхүү хөдөлгөөн нь нийгмийн сөрөг үзэгдэл болох архидалт, мансууруулах бодисын донтолтоос урьдчилан сэргийлэх, хэрэглээний шинэ соёлыг төлөвшүүлэх, донтолтын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, мөн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт суурилсан санхүүжилтийг дэмжих зорилготой юм.
Үндэсний статистикийн хороо болон мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харахад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй дарамт, хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд, ойр дотны асран хамгаалагчдын зүгээс үйлдэгдэж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийн дийлэнх нь согтуурсан болон мансуурсан үедээ уг гэмт хэргийг үйлддэг болох нь тогтоогджээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх үйлчилгээ, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Дөлгөөн, Урьдчилан сэргийлэх үйлчилгээ, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Л.Баярмагнай болон нийслэлийн төвийн 6 дүүргийн холбогдох ажилтнууд хамтран сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх болон өөртөө туслах бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн (СЭМҮТ) Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний "Миннесота" хөтөлбөрт хамрагдсан эмчлүүлэгчдийн бататган тогтворжуулах эмчилгээний ярилцлагад оролцож, Ч.Энхчимэг эмчийн зохион байгуулсан сургалт, нөлөөллийн арга хэмжээнд биечлэн хамрагдсан юм.
Мөн Б.Түмэндэмбэрэл зөвлөхтэй хувийн хэвшлийн "Гейт" сэргээн засах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр:
-Архи, мансууруулах бодис болон дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд сурталчлах,
-Эерэг хандлагыг түгээхэд талууд хамтран ажиллах, холбон зуучлах,
Мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, олон улсын туршлага болон шинэ чиг хандлагын талаар мэдээлэл солилцох чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан юм.



















